УИХ-ын тогтоолыг өөрчлөх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар 55 гишүүн буюу 90,5 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжив.
Ингээд Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг хэлэлцэхээр болж , анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор санал ирүүлснийг УИХ-ын дэд рага Р.Гончигдорж танилцууллаа.
Уг саналаар өнөөдрийн хуралдааны дөрөв дэх асуудлаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн билээ. Иймээс Ерөнхийлөгч уг хуулийн төслийг хоёрдугаар асуудал болгон хэлэлцэх болон өөрийн бизеэр танилцуулгаа хийх санал гаргасан байна. Уг саналаар санал хураахад гишүүдийн дийлэнх нь зөвшөөрсөнгүй. Иймээс уг хуулийн төслийг дарааллын дагуу хэлэлцэхээр боллоо.
Ингээд хоёрдугаар асуудал болох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийхээр болов.
Гэвч чуулганы завсарлагааны хугацаа болсон тул үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
olloo.mn