Уулчин Б.Гангаамаа Аконкагуан оргилд төрийн далбаагаа мандууллаа

Монголын Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа ууланд мандуулжээ. Уг уулын оргил далайн түвшнээс дээш 6962 метрт оршдог.
Тэрбээр энэ сарын 13-ны өдөр оргилд амжилттай хүрсэн байна. Польшийн мөсөн голын замаар авирч байсан ч цаг агаарын байдал хүнд байсан тул замаа сольж энгийн замаар авирчээ. Харин түүний хамтрагч Хонг Конгийн уулын гүйлтийн тамирчин бүсгүй оргилд авирах замынхаа 5000 метр орчмоос буцсан байна.
Гавьяат тамирчин Б.Гангаамаа өнгөрөгч оны 12 дугаар сарын 29-ний өдөр эх орноосоо мордсон билээ. Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо төрийн далбааг анхлан мандуулж байсан тэрбээр 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирч байсан юм.
olloo.mn