Цалин, тэтгэвэр, малчин,ЖДҮ-ийн зээлийн хүүг бууруулахыг шаардлаа

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарт шаардлага хүргүүллээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар уг шаардлагын талаар мэдээлэл хийсэн юм.
Уг шаардлагад, улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан МАН-ын бүлэг 2014 оноос өнөөг хүртэл тэтгэвэр, цалин, малчны зээлийн хүүг бууруулах асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Гэвч эрх баригчид зах зээл өөрөө зохицуулдаг зүйлийг захиргаадалтын аргаар шийдэж болохгүй, арилжааны банк иргэн хоорондын харилцаанд төр оролцдоггүй гэсэн тайлбар хийж өнөөг хүрсэн. Гэтэл шинэ он гарангуут нэгдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд хүргэх мэдэгдэл хийсэн. Инфляцийн түвшин 2,9 хувьд хүртэл буурсан нь энэ зээлийн хүүг бууруулах үндэслэл болсон гэж улс даяар хариуцлагатайгаар мэдэгдсэн.
Тиймээс нэгэнт инфляц буурсантай холбогдуулж зээлийн хүү буурах боломжтой гэж эрх баригчид үзсэн тул тэтгэвэр, цалингийн болон малчны, жижиг, дунд үйлдвэрлэлийн зэрэг бүх зээлийн жилийн хүүг нэг оронтой тоонд хүргэхийг МАН-ын бүлгээс шаардсан байна. Мөн урьд өмнө өндөр хүүтэй олгогдсон бүх зээлийн сар бүрийн хүүний төлбөрийг буулгаж, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг 2016 оны хоёрдугаар сарын 9-өөс өмнө гаргаж, олон нийтэд мэдэгдэхийг МАН-ын бүлгийн шаардлагад онцолжээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Өмнө инфляц 15 хувьтай байхад зээлийн хүү дунджаар 20 хувьтай байсан. Өнөөдөр эрх баригчид үнэхээр хүсэх юм бол зээлийн хүүний хөнгөлөлтөд малчид болон цалингийн зээлтэй иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүгдийг хамааруулах ёстой" гэлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Зээлийн хүүг бууруулах шаардлагыг МАН-ын бүлгээс удаа дараа шаардаж ирсэн ч боломжгүй гэсээр өдий хүрсэн. Харин өнөөдөр УИХ-д олуулаа байгаа эрх баригчид зээлийн хүүг бууруулах боломжтойг нотолж байна. Зээлийн хүүг бууруулах эрх зүйн боломж ч бий. Банкны тухай хуулийн 9-ийн 1-ийг удирдлага болгоод бууруулах боломжтой. Санхүүгийн эх үүсвэр ч бий. Тухайлбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд дөрвөн их наяд төгрөгийг хэвлэж, аж ахуйн нэгжүүдэд үүнийг жилийн гурван хувийн хүүтэй олгож байсан. Дээр нь нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээр тэтгэврийн болон цалингийн, малчны, мөн жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж МАН-ын бүлгийн гишүүд шийдвэрээ гаргасан" гэв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Эрх барьж буй нөлөө бүхий хүмүүс тооцоо, судалгаагаа хийгээд зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзсэн бол энэ шийдвэр бүх салбарыг хамрах ёстой гэж үзэж байгаа. Ер нь арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд буулгах боломжтой юм байна гэж бид үзэж байгаа" гэлээ.
olloo.mn