2015 онд Ерөнхийлөгчийн гаргасан амаргүй шийдвэрүүд

2015 онд Улс төрд олон үйл явдал болж, олон чухал шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч оролцохоос аргагүй асуудлууд олон байсан. Иймээс өнгөрөгч жил бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд олон хүнд шийдвэрийг гаргасан он байсан гэхэд болно. Ингээд Ерөнхийлөгчийн гаргасан хамгийн хүнд хэрнээ олон эсэргүүцэлтэй тулгарсан, анхаарал татсан шийдвэрүүдийн талаар хүргэж байна.

Уучлал үзүүлэх нь хүнд шийдвэр байсан

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч оны хоёрдугаар сард зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн билээ. Мэдээж, энэ бол олон түмний мэдэх татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал юм.

Дашрамд сануулахад, Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан юм. Мөн өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн улсын иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, хүсэлт амжилттай хэрэгжиж байсан удаатай. Ийм ч учраас аргагүй байдлаар уучлал үзүүлсэн ч олонтүмний эсэргүүцэлтэй Ерөнхийлөгч нүүр тулсан юм.

Энэхүү уучлалынхаа талаар Ерөнхийлөгч “маш хүнд шийдвэр байлаа” хэмээн хэлсэн байдаг.

Учир нь Жастин Капла нар нь бүлэглэн Монгол Улсын татварын хуулийг зөрчиж, хоёр удаагийн үйлдлээр 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн юм. Тэгвэл Анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай хэмээн үзэж Жастин Каплад нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил 10 сарын хорих ялаар,  Хиларион В.Кажукомд нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил зургаан сарын хорих ялаар, Кристобэл Ж.Дэвидэд нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж таван жил 10 сарын  хорих ялаар тус тус шийтгээд байсан билээ. Харин улсад учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгийг "Саусгоби Сэндс" компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөг хүртэл тус компанийнхан татварын хохирлоо манай улсад барагдуулаагүй байгаа юм.

Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан

Өнгөрсөн долдугаар сард батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ дагуу хэсэгчлэн хориг тавьсан. Өршөөлийн тухай хуульд албан ёсоор хэсэгчлэн хориг тавьсан нь нь харин олны сайшаалыг хүртсэн.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталсан. Үүндээ ч хүрсэн.

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй авч хэлэлцсэн билээ. Ингэснээр албан тушаалын, хээл хахуулийн хэрэгтэй хүмүүс ялаа эдлэхээр болсон.

Ерөнхийлөгчийн тавьсан хоёр дахь хориг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2015 онд хоёр удаа хориг тавьсан юм. Нэг нь Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хориг байсан бол нөгөө нь өнгөрөгч оны 11 дүгээр сард УИХ-ын 94 дүгээр тогтоолд тавьсан хориг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг тогтоолд хориг тавьсан талаар УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр  шүүхийг дагнан байгуулж болно. …” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ.  Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавьж байна” гэжээ.

Улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа өнөө үед анхан болон давж заалдах шатны шүүхийг аймаг, дүүрэг тус бүрт байгуулах нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт, эрсдэлийг бий болгохоор байв.

Аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүхийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор байгуулах нь дээр дурдсан санхүүжилт байхгүйн улмаас эдийн засгийн хувьд боломжгүй бөгөөд энэ өдрөөс өмнө төсвийн тодотголоор нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын хувьд богино хугацаанд хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж хомс байгаа нь шүүхийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг явуулахад бодит эрсдэл учруулахаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн.

Намуудыг эмх цэгцэд оруулах хуулийн төсөл боловсруулсан

Манай улсын нам төрийнхөө дээр гарчихсан, улсын эрх ашгийн өмнө намын эрх ашиг явдаг болсоор удаж байгаа билээ. Үүнийг өөрчлөх ганц арга бол намуудын тухай хуулийг шинэчлэх. Гэвч энэхүү шинэчлэлийг намууд өөрсдөө эхлүүлнэ гэдэг төвөгтэй бас итгэмгүй. Иймээс Ерөнхийлөгч өөрөө санаачлан намуудын тухай хуулийн шинэчлэлийг өнгөрөгч онд санаачлан боловсруулж, намуудаар хэлэлцүүлсэн. Гэвч түүний санаачилсан хууль олон эсэргүүцэлтэй тулгарсан. Намууд Ерөнхийлөгчийн санаачилсан хууль тэдний снхүүгийн асуудалд хэт орсон хэмээн буруутгасан юм.

Гэвч Ерөнхийлөгч улс төрийн намуудад шинэчлэл хийх цаг нь болсон хэмээн үзсэн тул тэрхүү алхмаасаа ухралгүй уг хуулийн төслийг боловсруулсан юм.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна гэж судлаачид дүгнэдэг. Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд баталснаар улс төрийн намын эрх зүйн үндсийг анх тогтоож, улмаар 2005 онд Улс төрийн намын тухай хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй байна хэмээн хуулийн төсөл санаачлагч үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд улс төрийн намын нийгэм, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх чиг үүргийг илүү өргөн хүрээнд томъёолсон байна. Хуулийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилт, гишүүдийн татвар, хандивыг ил тод болгох, түүнд тавих хяналтыг сайжруулж шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх  зэрэг асуудлыг илүү цэгцтэй болгож нарийвчлан тусгаж өгчээ.

Ийнхүү улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар Монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжрах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн юм.

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button