Цасан шуурганаар малд яваад, төөрдөг хүүхдүүдийн асуудал эмзэг сэдэв болоод байна

Бид хүүхдийн эрхийн талаар ярихдаа цагаан сар, наадмын үеэр хурдан морины унаач хүүхдүүдийн тухай ярьж, шуугиант хэрэг гарсан үед л тухайн хүүхдийг өрөвдөж, шагшраад өнгөрдөг. Энэ хооронд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа олон тохиолдлыг мэдэхгүй өнгөрөөж байгаа нь үнэн. Учир нь хүүхэд өөрөө гомдол мэдүүлэх чадваргүй болохоор хүүхдийн эрхийн зөрчил асар их гарч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Уг нь Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 08-нд батлан гаргаж, мөн оныхоо зургадугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийг хамгаалах хууль тэр бүр хэрэгжиж  чадахгүй байгаа тул батлагдаж гараад 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг санаачилсан ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй л байна.

Манай улсын хувьд хөдөө аж ахуй түшиглэсэн орон. Тиймээс ч хот, хөдөөгийн хүүхдүүдийн ахуй амьдрал эрс тэс өөр. Тийм ч учраас хүүхдийн эрхийн тухай ярихад ч харьцангуй ойлголт бий. Хотын хүүхдүүдийн дийлэнх нь тохилог тав тухтай орчинд зөвхөн хичээл хийж, тоглож өнгөрөөдөг бол хөдөөгийн хүүхдүүд хэдэн арван км-ийн цаана байрлах сургуульдаа мориор ирж очин хичээлдээ суучихаад эргээд гэртээ харьж малд явах гэх мэтээр ажилладаг. Хэдийгээр зарим иргэд үүнийг уламжлалт амьдралын хэвшил гэж хэлж болох ч үнэн хэрэгтээ энэ нь олон улсын хүүхдийн эрхийн конвенцийг зөрчиж буй хэрэг.  Урин дулаан цагт, сургууль, цэцэрлэг амарсан үед бол энэ нь нэг их айх аюулгүй эрсдэлгүй байж болох ч өвлийн цагт маш ноцтой хэрэг гэдгийг манай хөдөөгийн малчид тэр бүр ойлгохгүй байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймгийн 50 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 120 сум “Цагаанаар зудархуу” байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Цаашид ч нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орох төлөвтэй байгаагийн дээр их хүйтрэлт олон хоног үргэлжилснээс өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулаад байгаа. 

Нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэд, бүрэн бус техник хэрэгсэлтэйгээр холын замд гарахгүй байх, зайлшгүй аян замд гарах тохиолдолд автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,  дулаан хувцаслах, халуун хоол хүнс базаах, шатахууны нөөцтэй явах, малчид малтайгаа уруудах, төөрөх, осгох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэртээ орхихгүй байх, малд явуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай эргүүл томилон ажиллуулах, дулааны шугамын хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх зэрэг  арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Тэгвэл манайхны хайнга хэнэггүй зан бага насны хүүхдийг энэ мэт өвлийн хүйтэнд, нүүр нүдгүй шуурч буй цасанд хүүхдээ малд явуулсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Сэлэнгэ  аймгийн Сант суманд малдаа яваад сураггүй болсон хүүхдийг хоёр өдрийн дараа эсэн мэнд олжээ. Энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын төвөөс урд зүгт 20 км орчимд Улаан чих гэх газарт малаа хариулж явсан 13 настай хүү ор сураггүй алга болоод байсан. Улмаар нутгийн ард иргэд болон Онцгой байдлын алба хаагчдын эрлийн баг гарч малд явсан хүүг алга болсноос хоёр өдрийн дараа энэ сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд эсэн мэнд олсон байна. 

Хүүг хэдийгээр эсэн мэнд олсон нь сайн хэрэг ч  бага насны хүүхэд бүхэл бүтэн хоёр хоног  гэрээсээ төөрч хээр хөдөөгөөр явж, танихгүй айлд хоног  төөрүүлснийг байдаг л зүйл мэт ойлгож болохгүй. Энэ асуудлыг уламжлалт ахуйтай холбохоос илүүтэй  хууль эрхзүйн хүрээнд зохицуулалт хийж, эцэг эхийн анхаарал халамжийг нэмэгдүүлж өгөх нь зүйтэй болов уу. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button