Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар орон сууцтай болохыг хүссэн иргэд нэмэгдэнэ гэв

УИХ-ын дарга З.Энхболд барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн төлөөлөл болон тус салбартай холбоотой үйл ажиллагаа явуулдаг тавилгын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн компаниудын төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн, Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгальмаа, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Монголын барилгын үндэсний ассоциаци, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, Элс хайрга, дайрга үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл болон барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгч, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын төлөөлөгчид, сэтгүүлчид оролцов. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд “Сүүлийн 25 жилийн хугацаанд ипотекийн зээлийн санхүүгийн хэрэгслийн хүү болон хугацааг өөрчлөх бололцоо одоо гарч байна. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Монголбанк сүүлийн жилүүдэд багагүй хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэн ипотекийн зах зээлийг үүсгэжээ. Харин амжилттай, тун үр дүнтэй хэрэгжиж байсан энэ систем сар гаруй хугацааны өмнөөс зогсчихоод байгаа.

Гацаанд орсон байгаа энэ зах зээлийг сэргээхээр Иргэний хуульд нэмэлт оруулах, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцээд, ихэнх гишүүд дэмжээд явж байна. Түүнчлэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна гэлээ. Ипотекийн тогтолцоо барилгын салбарыг бүхэлд нь хөдөлгөж байдаг чухал хэрэгсэл болохыг УИХ-ын дарга тоо баримтад тулгуурлан тайлбарлаад, барилгын салбар бол уул уурхайн салбараас илүү эдийн засгийн үр өгөөжтэй болохыг онцлов. Мөн тэрбээр Монголд байдаг байгалийн баялгийг орон сууц болгох хүртэл оролцдог компаниудын төлөөлөл энд байна. Бид орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн нөхцөлийг нь бууруулахаар ажиллаж байна.

Энэ бүхэн ажил болсны дараа орон сууцны зээл авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Харин энэ эрэлтийг дагаад барилгын үнэ өсөх эсэх талаар сонирхож буй олон нийтэд хариулт өгөх зорилгоор энэ уулзалтыг зохион байгууллаа гэв.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button