Монгол улс 2017 онд дампуурлаа зарлах уу

Олон улсын зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан болоод манай улсын эрхзүйн тогтворгүй байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид  нүүр буруулсан зэрэг шалтгаанаас үүдээд манай улсын эдийн засаг  хямралд өртчихөөд байгаа. Эрх баригчид үүнийг цаг зуурын асуудал удахгүй сайжирна хэмээж байгаа ч эдийн засагчид өөр байр суурьтай байна.

Тухайлбал эдийн засагч, судлаач Х.Батсуурь манай улс 2017 он гэхэд дампуурлаа зарлана хэмээж байна. Тэрбээр “Уучлаарай, үнэнийг хэлэхэд Монгол Улс 2017 оны хоёрдугаар улирлаас хэтрэхгүй дампууралд хүрэх нь тодорхой.Гэхдээ эдийн засаг яг энэ байдлаараа явбал шүү. Гадаадын шинжээчид хүртэл дүгнэлтээ гаргасан байдаг.Харин миний харж байгаагаар ирэх оноос хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл, ирэх онд монголчууд гадаад өрийн их дарамтад орно. Ойролцоогоор 2.5 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардагдана. Зөвхөн Засгийн газрын зээлийн өрийн үйлчилгээнд шүү дээ. Энэ нь төсвийн 30-50 хувь болно. Зээлийн өрийн үйлчилгээндээ төсвийнхөө 50 хүртэлх хувийг зарцуулчихаад цаашаа яаж амьдрах юм бэ. Үнэхээр боломж байхгүй. Нөгөөтэйгүүр зээлийн өрийн үйлчилгээг эдийн засгийн нөөц бололцоогоороо төлөөд явах чадамж байхгүй. Харин ч эсрэгээрээ өнөөгийн нөхцөл байдлаас илүү эдийн засаг дордохоор дүр зураг харагдаж байна даа. Энэ байдлаас болж ирэх оноос хэтрэхгүй Монгол Улс дампуурлаа зарлах нөхцөл байдал бий болно” хэмээн  хэвлэлд ярьжээ.

Үнэхээр түүний хэлснээр манай улс ирэх онд дампуурлаа зарлавал яах вэ? Тэрбээр эдийн засаг яг энэ байдлаараа явбал хэмээн хэлсэн үгэндээ онцолж байна. Тэгэхээр эрх баригчид эдийн засгийн энэ нөхцөл байдлыг эергээр шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахгүй бол байдал улам бүр хэцүүдэх нь байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button