Монгол үнэр бидний хэр бохир орчинд амьдарч байгааг илтгэдэг

Нүүрсний утаа хэрэв сайн сайхан зүйл байсан бол өдийд Монголд минь утаа хамар сэн хийлгээд гээд л сэтгэлдээ дүрслэх байлаа, гадаадад суугаа хүмүүс. Гэвч энэ гарчгийн дор Монголын үнэртэй салхи, аргалын утаа боргилсон малчны гэр, шар цагаан тосны үнэр, сүү ханхалсан ээжийн тэрлэг гэхчлэн бодоход л үнэртэм сайн сайхан үнэрүүд багтаагүй болно.
Гадаадад долоогоос дээш хонож үзсэн хүн бүр л мэднэ дээ, өөрөөс нь арай л өөр, нэг тийм хир ч юм шиг үнэр үнэртээд байгааг. Миний хувьд бол энэ үнэрийг эерэгээр шороо гэж тодотгоод байгаа юм. Эерүүлж бодоход ч юу байх вэ, нутгаа санасанн хүнээс л гарах үг байх, яг мөн дөө монгол үнэр гэдэг юм, гадаадад удсан зарим хүн.Бүр монгол үнэрээр саяхан монголооё ирснийг нь хүртэл таадаг, тэр нь яг онодог гэхээр мөн хүчтэй үнэр байгаа биз.
Энэ төрлийн “шороо" хавар, намар, зуны саруудад гадаадад зорчиж байгаа монгол иргэдээс ихээхэн үнэртэх талтай. Эдгээр улирал салхи шороо ихтэй байдаг болохоор хувцас болон биед шигчихдэг шиг билээ. Харин өвлийн улиралд Монголоос гадаадад бууж байгаа хүн руү эргэж харах гол шалтгаан үнэр нь байдаг. Нүүрсний утаа өмхий үнэртэй. Хатуухан хэлэхэд нүүрсний өмхий ч ёстой сэнгэнэж өгнө дөө. Аргагүй шүү дээ, дөрвөн уулын дунд нэг саяулаа нүүрс түлчихэж байгаа юм чинь. Энэтхэгчүүдээс нийтлэг үнэртдэг хулмас, халуун орноос ирсэн хүмүүсийн хачин жигтэй зарим үнэр Монголын утааны хажууд зүгээр л энгийн үнэр. Энүүхэндээ гэхэд Улаанбаатарын утааны үнэрийг гүйцэх үнэр одоогоор гаргаж амжаагүй юм шиг байна шүү, бусад орнууд.
Өөр нэг монгол үнэр бол махны үнэр. Утаа, шороо тоос болон хир буртаг хүний хувцас, арьс үсэнд гаднаас шигж байгаа бол дотроос идэж уусан зүйлсийн үнэр гадагшилдаг. Махны цэсэндээ үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, тахиа, гахай гэсэн төрөлтэй, тогтмол хэрэглээтэй хүмүүс шүү дээ, бид. Гэхдээ сүүлийн үед Монгол хүнээс мах үнэртдэг гэдэг яриа бүдгэрээд ч байх шиг. Гадны нөлөөтэй үнэрүүдэд дарагдаад уу, эсвэл бүр дотроос нөлөөлөх үнэргүй болсон байж мэднэ. Энэ цаг үед хүн бүр л аль болохоор эрүүл хооллох гэж хичээдэг болсон шүү дээ. Махаа багасгаж, хүнсний ногоо түлхүү хэрэглэхээс эхлээд идэж уухаа цаг хугацаагаар хүртэл зохицуулж, хязгаарладаг соёлд сураад байгаа.
Тэгэхээр гадаад оронд зорчих гэж байгаа иргэдэд утаа, шорооны үнэрнээсээ хурдан салах зарим талын зөвлөгөөг өгье. Үнэртүүлж явж болно л доо, гэхдээ бусад хүмүүст хир үнэртүүлээд яваад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм.
-Үслэг эдлэлд утаа шороо хамгийн ихээр шингэсэн байдаг. Таны эдэлж хэрэглэж байгаа монгол үнэр танартай зүйлсийн эхэнд булган хүрэм, үнэгэн малгай, цааны гутал тань багтаж магад. Гадаадад зорчих гэж байгаа бол аль болох үслэг эдлэл өмсөхөөс татгалзаарай. Нэгт утаа, хир үнэртэнэ. Хоёрт амьтны арьс үс хэрэглэхийг эсэргүүцэгчид таныг үзэхгүй шүү. Будаг цацаж ч магад.
-Жинхэнэ “монгол үнэр” арьсан эдлэлээс үнэртдэг. Ялангуяа арьсан цүнх, түрийвч, гутал уу, яаж ийм их шороо тоос, үнэр танар агуулдаг байна аа гэж дуу алдам.
-Гадаадад буулаа, хувцсаа задлалаа эхний өдрөө нэг их мэдрэхгүй. Гурав, дөрөв дэх өдрөөс нээрээ надаас юу үнэртээд байна аа гэж бодогдож эхэлдэг. Нөгөөтэйгүүр эхний угаалтаар “нөгөө үнэр" арилахгүй. Хоёр, гурав давтан угааж байж сална. Тэгээд үнэртээд болохгүй бол дээр дурдсан арьсан эдлэлээ “хардаарай”.
Бусдаас ялгарах “Монгол үнэр’’-ээ амархан арилгая гэвэл дээрх зөвлөгөөг дагаарай. Харин тогоон дотроо гээд ярихад нэг гоё нь энэ шороо тоос, утаа униар Долоон буудлын Чимгээ, Зайсангийн Цэцгээд адилхан байдаг. Ингэж бодохоор нэг талаар ч гэсэн ялгарах юмгүй амар юм шиг. Хэчнээн үнэртэй ус цацсан ч Чимгээгийн хөвөнтэй тэрлэг, Цэцгээгийн булган хүрэмнээс ижилхэн үнэр ханхална. Нэг гудамжаар алхаж, ажил амьдралаа Улаанбаатар гэдэг утаанбаатар хотод адилхан өрнүүлж, нэг агаараар амьсгалж байгаа хүмүүсийг хэнийг нь ялгаж хир буртаг утаа тортог наалдахгүй байх билээ, бүгдэд хүртээмжтэй шүү дээ.
Хир буртаг, утаа униар үнэртүүлж байгаагаа гайхуулах нь хаашаа юм, гэхдээ энэ үнэр нэг зүйлийг сануулна. Хувьдаа хэчнээн арчаатай, өдөр бүр угаал үйлддэг байлаа ч гадаад орчноо цэвэрлэхгүй, тордож чадахгүй бол хир тортог хэнийг ч ялгахгүй гэдгийг бидний үнэр харуулж байна. Үнэн чанартаа энэ үнэр бид хэр бохир орчинд амьдарч байгааг илтгэх…
Өглөөний сонин