ЗТЯ-ны газрын дарга Б.Жаргал тендерийн мөнгөнөөс 6 тэрбум төгрөг завшсан уу

Төрийн өндөр албан тушаалтнууд авлига албан тушаалын хэрэгт холбогдох нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Салбар хариуцсан сайдаасаа эхлээд авлига албан тушаалын хэрэгтэй хэд хэдэн хүн өдгөө ч хуулийн байгууллагын үүдийг сахин, өдрийг өнгөрүүлж яваа. ЭМСС Г.Шийлэгдамба, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа гэх мэтийн авлига, мөнгө угаасан хэргийн дуулиан намжаагүй байхад ЗТЯ-ны газрын даргын тендерийн мөнгө завшсан хэрэг ил боллоо. Тухайлбал ЗТЯ-ны газрын дарга Б.Жаргал 2012 онд тус яаман дээр зарлагдсан тендерийн мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг завшсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр хөвөрч байна.
ЗТЯ-наас 2012 онд “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-д тендер зарлажээ.Уг тендерт Болгар улсын “КОНТРАКС ЕАД” компани шалгарч хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.“КОНТАКС ЕАД” компани нь 2012 оны 12-01 ний өдрөөс 2014 оны 02-01-ний хугацаанд тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэхээр 45/А дугаартай гэрээг байгуулжээ.
Тухайн үеийн сайд А.Гансүхийн байгуулсан энэхүү гэрээг Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал нь хариуцаж байж. Ингэхдээ дээрх эрхмүүд тендерт шалгарсан компанийн ирүүлсэн үнийн дүн дээр үнэ нэмж мөнгө завшсан байна.Болгарын тал тоног төхөөрөмж, програмаа 300 саяар өгье гэж байхад нь 700 саяар авчээ.
Мөн програм ашиглаж эхэлснээс хойш гурав дахь жилээс нь эхлэн жил бүр 456 сая төгрөг Болгарын талд төлж байхаар хугацаагүй гэрээлсэн байна. Нэгэнт худалдаад авчихсан тоног төхөөрөмжийг ашиглаж байгаагийн төлбөр гэж мөнгө төлнө гэж гэрээлсэн нь дээрх албан тушаалтнуудын мөнгө идэх арга нь байжээ.
Энэхүү гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ 2014 оны 5 сард Болгарын талд өгсөн байна.
Цуцлах тухай мэдэгдэл авсан Болгарын тал 45 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан ч мэдэгдэл авснаас хойш зургаан сарын хугацаанд ямар ч гомдол гаргаагүй байна.Гэрээг цуцлах хүртэл хугацаанд Болгарын талд дөрвөн тэрбум төгрөгийг шилжүүлж нийт найман програм авахаас зургааг нь авчихсан байж ээ. Гэвч Болгарын тал програмаа албан ёсоор шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс л гэрээ цуцлахад чимээгүй хаясан байж.
Ямартай ч яамны өндөр албан тушаалтан их хэмжээний мөнгийг тендерээс завшсан хэрэгт нэр холбогдож, энэ нь цаашлаад хоёр орны харилцаанд сэв суулгаж ч мэдэх тул уг асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаад үзэхэд гэмгүй болов уу.