Олимпийн өндөр хариуцлагатай жил эхэллээ

Хүн төрөлхтний их баяр цэнгэл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны 31 дэх удаагийн олимпийн наадам Бразилын Рио Де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Улс орнууд олимпийн эрхийн төлөө өдөр шөнөгүй бэлдэж, олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд туйлын өндөр ач холбогдол өгч байна. Энэ ч утгаараа олон улсын томоохон тэмцээн уралдааны өрсөлдөөн улам ширүүсэж байгаа юм.
Тэгвэл манай улсын баг тамирчид олимпийн наадам зохион байгуулагдах өндөр хариуцлагатай жил эхлэнгүүт улсын аварга шалгаруулах тэмцээнүүд дараалан зохион байгуулагдлаа.Тэр дундаа олон улсад өндөр амжилт үзүүлэх боломжтой гэгддэг жүдо, чөлөөт бөх, сонирхогчдын боксын УАШТ-үүд явагдлаа. Эндээс жиндээ тэргүүлсэн бүх тамирчид энэ онд зохион байгуулагдах олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, олимпийн эрх авах боломжтой юм.
Одоогийн байдлаар Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас чөлөөт бөх зургаа, хөнгөн атлетик дөрөв, буудлага гурав, байт харваа нэг тамирчин эрхээ аваад байгаа бөгөөд дахин эрх нэмэгдэнэ. Үүн дээр жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй нийт 12 эрх нэмэгдэх бүрэн боломж байгаагаас гадна бокс, хүндийн өргөлтийн тамирчид “РИО”-г зорих найдвар бий.
Энэ сараас эхлэн манай баг тамирчид олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцож эхэлнэ. Хамгийн эхний тэмцээнийг буудлагын тамирчид энэ сард эхлүүлэх гэж байна. Энэ мэт манай баг тамирчид, дасгалжуулагчид олимпийн жилийн хариуцлагаа ухамсарлан бор зүрхээрээ өөрсдийгөө бэлдэцгээж байна. Харин тамирчдын амжилтын эх суурь болсон зөв бодлого дэмжлэг төдийлөн харагдахгүй байна. Хэдэн тамирчин, дасгалжуулагчид нь л олимпийн жил эхэллээ, олимпийн эрх авах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна гэж ярихаас Монголын үндэсний олимпийн хороо гэх байгууллагын зүгээс хийж буй ажил харагдахгүй байна.
Сүүлийн жилүүдэд Монголын тамирчдын амжилт харьцангуй өсч Монголын тамирчид Олимп, Дэлхийн аваргад тогтмол амжилт үзүүлж байгааг тэдний хувь нэмэр гэж ойлгох хүмүүс байгаа ч яс юман дээрээ бол тамирчид, дасгалжуулагчдын өөрсдийнх нь хүчин чармайлт гэхэд болно.
Харин олимпийн хорооныхны гол хийх ёстой ажил нь Монголд спортын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэс суурийг тавих, Дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнүүдийг /Олимпийн төрөлд ордог төрлүүдийн ДАШТ/Монголд зохион байгуулах, Монголд спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орших болов уу. Гэвч одоогоор Олимпийн төрөлд ордог Монголын топ гэгддэг спортын төрлүүдийн ДАШТ нэг ч удаа болж байгаагүй байна.
Үнэндээ Монголд нэн хэрэгтэй байгаа спортын /Хөнгөн атлетикийн, усан спортын, тэшүүр болон шорт-трейкын, гимнастикийн гээд/ олон цогцолборууд хэрэгтэй байгааг манай Олимпийн хороооныхон бодож үзсэн болов уу. Магадгүй тэд Монголд хөрөнгө мөнгө байхгүй байгаа учраас эдгээрийг гүйцэлдүүлэхэд боломжгүй байна гэж хариулах байх. Гэхдээ тэдний гол үүрэг бол спортын менежментийг дотоод болон гадаадад хангалттай гүйцэтгэж эдгээр Монголын спортыг өндөр түвшинд гаргахад хэрэг болохуйц спортын цогцорборуудыг босгох хөрөнгө мөнгийг олж ирэхэд орших бус уу. Гэвч тэд энэ үүргээ умартсан гэхэд болох бөгөөд Олимпийн наадамд очин тамирчдынхаа багахан амжилтад хөөрөн даган баясахаас өөр хийж буй зүйл тун маруухан харагдаж байна.
МҮОХ Олон Улсын Олимпийн Хороонд Монголыг төлөөлж байдгийн хувьд жилд санхүүжилт болгож 1 сая долларын санхүүжилт авдаг . Мөн дээрээс нь Азийн спортын зөвлөл болон бусад байгууллагуудаас /Монгол Улс ядуу буурай орны зэрэглэлд хамаардаг учраас/ мөнгөн тэтгэмж авч байдаг. Энэ бүх мөнгө бараг ямар ч хяналтгүйгээр МҮОХ-ний удирдлага гэсэн хэдэн нөхдүүдийн гараар орж хэрхэж буй нь тодорхой бус гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр ирсэн.
Ямартай ч олимпийн жил эхэлсэн энэ үед олимпийн хорооныхон жаахан идэвх зүтгэлтэй байж хэдэн тамирчдаа нүдийг нь бүлтэлзүүлээд байлгүй шиг амжилт гаргах үндэс суурийг нь бэлдэж өгвөл зүгээр байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Лондонгийн олимпийн наадмаас Монголын баг тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртэж, эх орон ард түмнээ баярлуулж байсан. Харин энэ удаад энэ тоогоо бууруулахгүй нэмэгдүүлэхээр зүтгэх нь мэдээж хэрэг. Харин тэдэнд энэ амжилтад хүрэхэд дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.
Б.Сансар
olloo.mn