GPS суулгуулсан 27, суулгаагүй 20 гаруй мазаалай байна

АНУ-ын “Говийн баавгай” төслийн удирдагч Харри Рэнолдсийн судалгааны баг, “Хонгор нутгийн дуудлага” ТББ-тай хамтран 27 мазаалайд GPS суулгаад байгаа юм байна. Судалгаанд ороогүй, GPS суулгаагүй 20 гаруй мазаалай үлдсэн байгааг албаныхан хэлсэн.

Өнгөрсөн зун судалгаанд орж байгаагүй нэг мазаалайд GPS суулгаж, Баянхонгор гэж нэр өгсөн бөгөөд “Баянхонгор” мазаалай зун Хятадын хил давж Тэнгэр ууланд гараад, хоёр сарын дараа нутагтаа буцаж ирсэн нь түүний хүзүүвчинд суулгасан сансрын дохиоллын мэдээллээр баталгаажсан байна.

АНУ-ын зэрлэг амьтдын биологич, говийн баавгайн мэргэжилтэн, Харри Рэйнолдс хэлэхдээ, “Тэднийг ямар ангилалд хамруулахаас үл хамааран мазаалай бусдаасаа онцгой амьтан. Тэдэн шиг говь цөлийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож амьдардаг баавгай дэлхийд өөр хаана ч байхгүй. Дасан зохицол, шинийг сурах чадвараараа тэд энэ гаригийн хамгийн хүнд хүчир нөхцөл дунд амьдрах аргаа олж чадсан амьтан. Дэлхийн олон эрдэмтэд тэдний барааг нь ч болов харахаар дэлхийн талыг туулан Монголын говийг зорьдог” хэмээн онцолжээ.

Мазаалайн гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Ээж хайрхан, Захуй Зармангийн Баянбүрд, Эдрэнгийн нуруу, Сэгс цагаан богд гэж тогтоосон байна. Хамгийн сүүлийн судалгаагаар, Говийн Их Дархан цаазат газарт 45000 км2 нутагт хамгийн багадаа 22-31 толгой мазаалай байгааг тогтоосон ба генетикийн судалгаа хийснээр 8 эм, 14 эр бодгаль байгааг тодорхойлсон байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button