Шилэн данс хөтлөлт 2015 онд үүргээ гүйцэтгэсэн үү

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын нэгний өмнөөс хэрэгжиж эхлээд яг нэг жилийн хугцаааг үдэж байна. Уг хуулийг УИХ 2015 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталсан бөгөөд хуулийг мөрдлөг болгож эхэлснээс хойш Төрийн бүхий л штаны байгууллагуудын дансны гүйлгээ ил тод болсон. Энэ хэрээр иргэд, олон нийтэд төрийн байгууллагууд уг хуулийн хүрээнд санхүүгийн ил тод байдлаа хэрхэн хангаж байна вэ гэдгийг хүссэн цагтаа тандан харахаас гадна хэн эсвэл ямар байгууллага хаашаа ямар учир шалтгаантай мөнгө шилжүүлэв, ямар гүйлгээ хийв, аль байгууллага нь шилэн дансаа хөтлөхгүй байна вэ гэдгийг мэдэхэд амар хялбар болсон. Мөн шилэн дансаа хөтлөхгүй байгаа байгууллагуудыг хэвлэлүү шүрэн бичиж, уг хуулийг сахиулах тал дээр чамгүй үүрэг гүйцэтгэснийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
Тэгвэл уг хуулийг мөрдөж эхэлсэн 2015 онд уг хуулийн хэрэгжилт ямар байв, шилэн данс гарснаар ямар ач холбогдол үр дүн гарав гэдгийг хүргэж байна.
Ер нь бол улс орнуудын төсвийн ил тод, нээлттэй байдлын судалгааг Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас 2015 онд хийснээс үзвэл Монгол Улс төсвийн ил тод, нээлттэй байдлын 2015 оны индексээр авбал зохих 100 онооноос 51 оноо авсан байна. Энэ нь дэлхийн дундаж 45 онооноос ялимгүй дээгүүр байна гэсэн үг. Тэгэхээр шилэн дансны тухай хууль хэрэгжиж, төрйн бүх байгууллагууд шилэн дансаар гүйлгээгээ мэдүүлдэг болсон ч төсвийн ил тод, нээлттэй байдал тийм ч хангалттай бус гэсэн үг юм.
Уул нь Засгийн газраас Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалт, хэрэгжилт, мониторинг, хяналт шалгалт гэсэн гурван үндсэн чиглэлээр арга хэмжээ авч ажилласаар ирсэн. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотойгоор Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоолоор “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг боловсруулж баталсан. Шилэн дансны тухай хууль, уг хуультай холбогдож гарсан журмыг олон нийтэд таниулж сурталчлах, мэдээлэл арга зүйгээр хангаж ажиллах хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг зэрэг төв болон орон нутгийн төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн бус байгууллагын нийт 10000 орчим албан хаагчдад 82 удаагийн сургалт зохион байгуулсан байна.
Ерөнхий сайдын мэдээллээс үзэхэд, Шилэн дансны тухай хуулийн дагуу 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 79 ТӨХК болон ТӨҮГ, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 569 аж ахуйн нэгж, байгууллага мэдээллээ өөрийн цахим хуудсаар болон нэгдсэн цахим хуудас, мэдээллийн самбараар иргэд, олон нийтэд мэдээлж байгаа аж.
Тухайлбал, хуулиар заасан тодорхой хугацааны давтамжтай нэг удаа байршуулах мэдээллийн тухайд л гэхэд төсвийн нийт 4183 байгууллага нийтдээ 28230 мэдээлэл байршуулахаас 71 хувь буюу 21078 мэдээлэл байршуулсан бол 70 ТӨХК болон ТӨҮГ-уудын хувьд 429 мэдээлэл байршуулахаас 81 хувь буюу 347 мэдээллийг байршуулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ажээ.
Харин хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний хагас жилийн тайланг нэгтгэн гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Тус газар 2015 оны гуравдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 5-ны өдрүүдэд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд аудит хийсэн байна. Аудитаар нийт 5804 байгууллага, үүнээс 5399 төсвийн байгууллага, 405 төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж хамрагдсаны 96.8 хувь буюу 5617 байгууллага төсвийн өрөнхий мэдээллээ байршуулснаас 4868 байгууллага нэгдсэн цахим сүлжээ, байгууллагын сүлжээнд, 749 байгууллага мэдээллийн самбарт байршуулсан, 187 нь шилэн дансны мэдээллээ байршуулаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан байх юм.
Мөн хөдөө орон нутагт, ялангуяа зарим сумдад техник хэрэгслийн хангамж дутмаг, байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, интернетийн сүлжээ байхгүй, саатдаг, хүрэлцээ муу зэрэг нь цахим системд мэдээлэл оруулахад хүндрэл учруулж байна хэмээн дүгнэжээ.
Үүнээс гадна цахим мэдээллийг нягталж үзэхэд байгууллагын нэр, хариуцлагын болон өмчийн хэлбэр, хаяг, байршил, хоорондоо уялдаа холбоогүй, эмх цэгцгүй, мэдээлэл орхигдуулсан, зарим гүйлгээний мөнгөн дүн зөрүүтэй болон алдаатай, гүйлгээний утга тодорхой бус, шийдвэрүүдээ дутуу мэдээлсэн зэрэг нь олон нийт мэдээллийг цогц байдлаар авч чадахгүй, иргэдийг төөрөгдүүлэх сөрөг хандлагууд гарч байжээ.
Мөн олон нийтийн анхааруулга, шүүмжлэлийг төсвийг зүй зохистой зарцуулах, татвар төлөгчдийн итгэлийг бүрдүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлага, хяналтыг дээшлүүлэхэд тус дэм болж байна үзэхгүй байх явдал байна. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэвшүүлэх талаар үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтнууд нь хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг дотоод аудитын үйл ажиллагааны салшгүй хэсэг болгож чадаагүй байна.
– Хууль хэрэгжиж эхлээд нэг жил болж байгаа ч хэрэгжилт нь төдий л хангалттай бус, тэр дундаа хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, төсвийн ерөнхийлөн захирагчид, орон нутгийн удирдлагууд шилэн дансаа бүрэн гүйцэд хөтлөхгүй байв.
– Мөн төсвийн орлого тасарч, эдийн засаг хямарч байгаа ийм үед аймаг, нийслэлийн удирдлагууд татвар төлөгчдийн хөрөнгөд үрэлгэн хандаж буй нь шилэн данснаас ил болов. Иймээс энэ асуудалд дээр Ерөнхий сайд Ч.Сайхбилэг тухай бүрт нь орон нутгийн удирдлагуудад анхааруулга өгч шүүмжилж байсан.
– Төрийн болон орон нутгийн өмчит зарим байгууллагын удирдлагууд, 15 аймгийн зарим албан тушаалтнууд шилэн дансаа огт хөтлөөгүй.
Үүнээс гадна хэвлэл мэдээлэл болоод иргэд шилэн дансны хэрэгжилтэд чамгүй анхаарал хануудлж байсан. Иймд шилэн дансаа хөтлөхгүй байгаа байгууллагуудыг ил тодоор шүүмжлэн хэлж, заримыг нь зохих газраар нь хүртэл шалгуулж байсан.
Иргэн Б.Цогтгэрэл өнгөрсөн жил Шилэн данс хөтөлдөггүй албан тушаалтнуудын нэрсийг АТГ-т хүргүүлж байлаа.
– МУ-ын Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу иргэний хяналт гэдэг үүргээ бид биелүүлж нэр дурдсан 7 хүнийг АТГ болон Аудитын газарт шалгуулахаар өгсөн.
Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өөрийг нь хуулиа биелүүлэхгүй байна гэдэг үндэслэлээр АТГ-т өгсөн. Түүний зардлын шилэн данс МУ-ын Засгийн газрын Нөөц сангийн шилэн дансыг хөтлөөгүй. Мөн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба. Түүнчлэн Пүрэвбаатар даргатай УБТЗ-ын хамт олон, Х.Болор-Эрдэнэ захиралтай “Монголросцветмет” компани, Д.Батжавхлан захиралтай Дарханын төмөрлөгийн үйлдвэр, Ц.Оюундарь захиралтай МҮОНТ. Эдгээр хүмүүс бүгдээрээ шилэн дансны сайт дээр орлого зарлагынхаа тэмдэглэгээг хийхгүй байна хэмээн АТГ-т шалгуулахаар өгч байлаа.
-Мөн Шилэн дансны гүйлгээрээ их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийсэн ноцтой асуудлыг дэлгэхээр баримтыг цуглуулж мөн холбогдох байгууллагад нь өгч байв. Төсвийн мөнгийг зориудаар бусаар зарцуулсан, ашигласан. Мөн улсын мөнгө хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлүүдийг ч гаргаж тавьсан. Тухайлбал, 200 орчим тэрбумын сэжиг бүхий гүйлгээ, мөн улсын хөрөнгийг үргүй зүйлд зарцуулсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн асуудлыг ч хөндсөн.
-Үүнээс гадна иргэн Б.Цогтгэрэл Авлигатай Тэмцэх Газар болон Үндэсний Аудитын Газарт хандан нэр бүхий долоон байгууллагыг Шилэн дансаа хөтлөхгүй байна гэдэг үндэслэлээр шалгуулахаар болсон билээ. Гэвч сүүлдээ Ерөнхий Аудитор өөрийг нь ч АТГ-д өгч байсан. Гэвч АТГ-аас Ерөнхий Аудиторыг хууль зөрчөөгүй хэмээн үзсэн.
Шилэн дансаа хөтөлдөггүй Засаг дарга нарт хариуцлага тооцов
Төсвийн ил тод байдлыг хангаж ажиллаагүй бүх сумын Засаг дарга, төсвийн зарим байгууллагын дарга нарт Дундговь аймгийн Засаг дарга хариуцлага хүлээлгэжээ.
Шилэн дансанд байршуулбал зохих мэдээллийн 50-иас дээш хувийг цаг хугацаанд нь тавилгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн 10 сумын Засаг дарга болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийн театр, музейн даргын нэг сарын цалинг 20 хувиар бууруулсан юм.
Харин таван сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Стандартчлал хэмжилзүйн хэлтэс, Боловсрол соёлын газар, Байгаль орчин ногоон, аялал жуулчлалын газар, номын сан, Эрүүл мэндийн газрын даргад сануулах арга хэмжээ авсан байна.
Намуудад шилжүүлсэн 182 сая 500 мянган төгрөг анхаарал татсан
Сангийн яамны 10 сарын “Таван сая төгрөгнөөс дээшхи орлого, зарлагын гүйлгээнд ихэд сонирхолтой зарлага гарч байжээ. Энэ юу вэ гэхээр тус яамнаас улс төрд суудалтай бүхий л намуудад суудлын мөнгө гэж нийт 182 сая 500 мянган төгрөг гаргасан байсан.
АН-д 58 сая, МАН-д 65 сая, МАХН-д 17 сая 500 мянга , МҮАН-д 10 сая, ИЗНН-д 5 сая төгрөгийг шилжүүлжээ. Үүнээс харахад нам тус бүрд УИХ дахь гишүүдийн тоогоор мөнгө шилжүүлсэн байв. Одоо УИХ дахь 76 гишүүний 34 нь АН, 26 нь МАН, 7 нь МАХН, дөрөв нь МҮАН, хоёр нь ИЗНН, 3 нь бие даагч билээ. Гэхдээ гурван бие даагчид суудлын гэх нэртэй мөнгө олгогдоогүй байна. Харин намуудын гишүүдэд олгогдсоныг нь бодоход нэг гишүүнд 2 сая 500 мянган төгрөг ноогдож байна. Уул нь Засаг хэмнэлт хийх хэрэгт эй хэмээн сүүлийн жил гаруй ярьж байгаа. Гэтэл өөрсдөөсөө хэмнэлтийг эхлүүлж, энэ мэт мөнгөө танаж чадахгүй байгаа нь олны анхааралд өртөж байсан
Ерөнхийлөгч ч шүүмж хүртэж байв
Шилэн дансны тухай хууль анх гарч, хэрэгжиж эхлэхэд хүн бүхэн л амтай сайтай байсан. Гэхдээ энэхүү хуулийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрөө шилэн дансаа хөтлөхгүй байна хэмээх шүүмжийг өнгөрсөн онд хүртэж байсан
Ерөнхийлөгчийн тамгын газар данс тооцооны гүйлгээ хийдэггүй юм уу эсвэл хөтөлдөггүзй юм уу. Өөрөөр хэлбэл шилэн данс нь бараг л хоосон байсан. Тэгэхээр "Төсвийн байгууллага, түүний албан тушаалтан бүхэн өглөө бүр Монголд Шилэн дансны тухай хууль байгаа шүү хэмээн бодож сэрдэг байх ёстой” хэмээн бүгдийг уриалан дуудаад байдаг Ерөнхийлөгч болоод түүний хүрээнийхэн Шилэн данс байдгийг бүр мартсан юм болов уу даа гэмээр байсныг эргэн саная.
Тэгэхээр үүнээс шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт ямаршуу түвшинд байв гэдэг дур зураг харагдаж байна.. Иймээс 2015 оэы шилэн дансны хэрэгжилт ямар байв гэдгийг уншигч бүхэн дор бүрнээ дүгнэх биз ээ.
Шилэн дансны хуудсанд тавигдах мэдээллийн стандартыг шинэчлэв
Харин шинэ он гарсаар Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг Засгийн газраас шинэчлэн баталлаа. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.
Журмын шинэчилсэн найруулгад програм хангамжийн шинэчлэл, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа тулгамдсан харилцааг зохицуулах дараах гол гол өөрчлөлтүүдийг оруулжээ.
– Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулах хэрэглэгчийн төрөл, тэдгээрийн эрх үүргийн талаар болон тайлагналыг тодорхой болгосон хоёр бүлэг шинээр нэмж оруулсан
– Цахим хуудсанд мэдээлэл тавих болсонтой холбоотой мэдээлэл тавих стандартыг өөрчилсөн
– Нийт мэдээллийн 11 мэдээллийг холбогдох програм хангамжаас татах нөхцөлийг бүрдүүлсэн
– Төсвийн хяналт хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах хяналтын модул, статистик мэдээллийг системээс гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
olloo.mn