ТББХ ирц бүрдээгүйн улмаас үдээс хойш хуралдахаар болов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.21/ хуралдаан 8 цаг 30 минутаас эхлэхээр товлосон байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдааныг түр хойшлуулж үдээс хойш 13 цаг 30 минутад хуралдахаар болов.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нарын нэр бүхий 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай санал, мөн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Өглөөний 9 цаг гэхэд хуралдааны танхимд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, А.Бакей, Н.Батбаяр, С.Баярцогт, М.Батчимэг, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн хүрэлцэн ирж, хуралдааны ирц 47.4 хувьтай байв. Энэ мөчөөс хойш өдрийн 12 цаг 30 минут хүртэл Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тус байнгын хороонд харьяалагддаг гишүүдээс нэг нь ч хуралдааны танхимд ирсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг гадаадад томилолтоор ажиллаж байгаа аж.

Иймээс байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналаас гадна Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилахтай холбогдсон чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа тул Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн гишүүдийг хуралдаандаа оролцох, тэр дундаа төсөл санаачлагч Г.Уянга гишүүнийг хуралдааны танхимд орж ирж асуудлаа танилцуулахыг удаа дараа урьж, гишүүдэд хуралдааны дэгийг сануулсан юм.

Гэвч төсөл санаачлагч гишүүн Г.Уянга болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тус байнгын хороонд харьяалагддаг гишүүд хуралдааны танхимд ирээгүйгээс байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүй тул хуралдааныг түр хойшлуулж, 13 цаг 30 минутад эхлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button