Чуулганы үеэр Г.Уянга, Ч.Сайханбилэг нар бараг л хэрэлдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ–ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, Ч.Сайханбилэг хоёрын дунд багагүй маргаан дэгдлээ. Тэд бараг л хэрэлдэв.
Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн аав Чимэд гуай, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын аав Сангажав гуай, "Сентерра гоулд"ийн төлөөний хүн Сандаг генералын аав ээж нар ил захидал илгээсэн билээ. Мөн тэрбээр Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг санаачлан УИХ-д өргөн барьсан гэдгийг дуулгах нь илүүц биз ээ.
Хэлэлцүүлгийн үеэр Г.Уянга гишүүн, Засгийн газар иргэдийнхээ үгийг сонсохгүй байна хэмээгээд “ Жагслаа цуглалаа, сонссонгүй, өөрийгөө шатаалаа сонссонгүй. Өнөөдөр нэг хүн талбай дэр 2 сар шахам суулт хийж байна. Та нар тоож ч харсангүй. Өнөөдөр ноён уулыг тусгай хамгаалалтад авах гэж байгаа бол 77 мянга га-аар нь бүхлээр нь авах ёстой.Үүнийг манай эрдэмтэд хэлсэн шүү дээ. Гэтэл та нар 11 мянга га-г л тусгай хамгаалалтад авах тухай ярьж байна. Нөгөө “Сентерра гоулд”-ын лицензийг гаргачихаж. Би аргаа барсандаа л та бүхний аав, ээж нарт захидал бичлээ. Үүнийг миний үйлдэл гэж харах хэрэггүй. Энэ бол манай сонгогч, ард түмний хүсэл гэж харах хэрэгтэй. Хүннүгийн үеийн булш бунхнаа сүйтгэн байж Гацууртын ордыг ашиглахаар Монголын эдийн засагт ямар үр дүн авчрах вэ. Энд Ерөнхий сайд хариулт өгөөч”гэв.
Үүнд уурссан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Одоо арай дэндлээ, Г.Уянга аа гишүүн ээ. Огцруулна, гацаана гэх. Энэ улс орон яаж хөгжих юм. Манай аав 80-тай, С.Баярцогт сайдын аав мөн 80 настай. 40 тэй хүүхэн 80 тай хөгшин рүү захиа бичих юм. Энийг чинь нийгэм юу гэж ойлгох юм бэ. Боль л доо. Хийсэн бүтээсэн нь таниас илүү. Миний аав насаараа соёлын төв өргөөнөөс эхлээд Хөтлийн цемент шохой гээд Оросын барьсан бүх обтектуудыг Монгол улсад хүлээн авсан хүн. Хийсэн гавьяатай хүн. Та арай дэндэж байна. Амьдралынхаа ханийг алдчихаад гэртээ сууж байгаа хөгшинг тааваар нь байлга. Хөгшчүүлийг амраагаад өг. Тав алхахгүй улс төр битгий хий. Улс төр чинь арай дэндлээ. 4 жил гангарлаа. Хүмүүс наад улстөрийг чинь дэмжихээ байсан.
Одоо таны асуултад хариулъя. Засгийн газар Ноён уулаа хамгаалалтад авсан. Гацууртын ордыг үргэлжлүүлж ашиглаж дуусгах гэж байна. Ингэснээр татвараар 240 сая ам.долларын татвар орж ирнэ. 50 тонн алтны нөөцтэй болно. Долларын ханшийг буулгахад хэрэг болно. Эдийн засгаа явуулахгүй байна гэж та нар огцруулах асуудал тавдаг. Та нарын наад улс төр хэтэрлээ. Хэрээсээ хэтэрлээ. Ард нь монгол хүмүүсийн аж амьдрал байдаг юм. Та нарын халаасанд цуглуулах улс төрийн оноо 37 дахь асуудал. Хүүхдийн мөнгө байхгүй байгаа учраас энийг олохын төлөө явж байна. Ажил хийж байгаа хүн хамгийн хүнд шийдвэр гаргахаас ч аргагүй байдаг юм. Энэ амьдралыг дөрвөн жил их суругуульд суугаад ойлгохгүй байгаа бол гүнээ харамсч байна. Таны улс төр арай дэндлээ. Таны поп хэтэрлээ. Таны хармаандаа оноо цуглуулах асуудал хамгийн сүүлийн асуудал. Та засгийн газрын ажлыг хийлгэ. Хийлгэж чадахгүй бол битгий дараа бол” гэлээ.
Харин Г.Уянга гишүүн “Эцэг, эхийнхээ 25 жил хийсэн хөдөлмөрийг та нар нураасан. 1000 ажлын байрны төлөө, 240 сая ам.долларын төлөө Хүннүгийн булшийг ухдаггүй юм. Та бүхэн 600 сая долларын зээлийг 10 гаруй хүүтэй зээлэх гээд явж байна. Та нар 25 тэрбум долларын өр тавьсан. Гэтэл та нарын аавууд 11 тэрбум долларын өрөөр энэ Монгол орныг босгосон. Одоо надтай хариуцлага ярих юм биш. Таны өртөө оноо цуглуулах гэсэн популизм. Та нар аав нарынхаа хийсэн бүтээснийг хэдэн тэрбумаар нурааж байна” гэлээ
Үүний хариуд Ч.Сайханбилэг "Таны популизмаас болоод 16 хувийн хүү аваад байна. Тийм учраас түүнээс бага хүүгээр гаднаас зээл аваад эдийн засгаа босгоё гэж байна. Энийг ойлгохгүй байгаа бол юу ярих вэ дээ. Хүмүүст хэтэрхий гялгар харагдах гээд та өөрөө популизмдаа хордчихсон байна" гэсэн юм.
Үүнээс гадна УИХ-аар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хурал хаяж гарсан. УИХ-ын дарга З.Энхболд, Ц.Нямдорж гишүүнийг хэлэлцэж буй асуудалтай холбоотой зүйл асуухгүй байна гэж үзэн микрофоныг нь хаасныг цөөнхийн бүлгийн гишүүд ийн эсэргүүцэн хуралдаанаа хаяж гарав. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд “Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахыг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа юм байна” хэмээгээд "Гацууртын ордоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авахаас өөр арга боллоо" гэв.
Иймээс Г.Гарамгайбаатар гишүүн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Учир нь уг асуудлаар санал асуулга явуулахад гишүүдийн ирц хүрэхгүй байна хэмээг уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Г.Уянга
olloo.mn