Богд хааны ордон музей дэх “Хаан туульсийн өргөө”-нд тууль хайлна

Богд хааны ордон музей дэх "Хаан туульсын өргөө"-нд өвлийн адаг сард жил бүр тууль хайлдаг уламжлалтай. Энэ сарын 16-нд Хаан туульсийн өргөөнд “Довон хар бөх” хэмээх нэртэй тууль хайлсан бол маргааш “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг хайлах гэж байна.
Тууль нь монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг, хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аварга том туурвил билээ. Нэг шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.
Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалдаг. Дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаадаг онцгой төрөл юм.
Монгол тууль 2009 өвд хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад орсон юм байна.