Агаарын бохирдол энэ янзаар дахин арван жил үргэлжилбэл аймшигт үр дүн гарна

Нобелийн шагналт Кирк Смит нь орчны эрүүл мэндийн ухааны профессор. 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдол түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсны дүнд агаарын бохирдол, түүхий нүүрснээс ялгарч байгаа утаа нь хүний эрүүл мэндэд маш хортой гэдгийг тогтоожээ. Тэрбээр Гватемалийн нэгэн тос¬гонд 2003 онд жирэмсэн эмэг¬тэйд агаарын бохирдлыг хэм¬жих микросхемтэй чип гэх төхөөрөмжийг биед нь зүүлгэж байжээ. Ингэснээр найман жилийн дараа тэр хүүхдэд бүрэн шинжилгээ хийхэд агаа¬рын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлснийг тог¬тоосон байна. Агаарын бохир¬долттой газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судал¬гаагаар тогтоогджээ.
Тэгвэл дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын тоонд орж буй Улаанбаатарт амьдарч буй хүүхдүүдийн оюун ухаанд утаа нөлөөлж байгаа болов уу. Мэдээж хэрэг энэ асуудлаар судалгаа хийж үзээгүй. Одоохондоо юуг ч баталж нотлоогүй байгаа. Гэхдээ нүүрсний утаанаас үүдэлтэй нийслэлийн хүүхдүүдийн эрүүл мэндэд өөрчлөлт орсон гэдгийг тэнэг хүн ч мэдэхээр байгаа. Тодруулбал агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны системийн функциональ үйл ажиллагааны өөрчлөлтүүд илэрч байна. Хүүхдүүдэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны сорил хийхэд уушгины амьдралын багтаамж багасах, артерийн бага даралтын хувьд хэвийн бус хариу урвал үзүүлэх, судасны цохилтын тоо цөөрч байгаа нь тогтоогдлоо. Мөн Улаанбаатар хотын (677) хүүхдүүдэд хийсэн зүрхний цахилгаан бичлэгийн дүнгээр эрүүл хүүхдүүдэд зүрхний булчингийн агшилт, цахилгаан дамжуулах чанар өөрчлөгдөж, зүрхний цохилт олшрох, цөөрөх зэрэг үйл ажиллагааны өөрчлөлтүүд илэрсэн бөгөөд үүнд эцэг эхийн боловсрол, өрхийн орлого, халдварт өвчнөөр өвчилсэн байдлаас гадна, агаарын бохирдол нөлөөлж байгааг илрүүлжээ.
Хар тугалга нь бараг бүх эрхтэн, тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Энэ нь мэдрэл, бөөр, цус бүтээх, нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөөлж, хүүхдийн өсөлтийг саатуулдаг. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж нэрлэдэг бөгөөд хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай. Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 16мкгр/дл байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс илүү байна.
Долоо хоногийн эхэнд агаарын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар ДЭМБ-ын болоод Монгол, БНХАУ тэргүүтэй зургаан орны шийдвэр гаргах түвшний 160 гаруй төлөөлөгчийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дээр дурдсан асуудал болоод түүнээс хэрхэн ангижрах, урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай тулгамдсан асуудал зэргийг ярилцлаа.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын зөвлөх Руфис Эдвардс "Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдсэн өвчний дарамт ба арга хэмжээ авахгүй байх үеийн өртөг" сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, “Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан хэдий ч Улаанбаатар хотын хүн ам агаарын нарийн ширхэглэгт тоосонцрын бохирдолд өртөх дундаж өртөлтийн түвшин ДЭМБ-ын өвчлөл болон нас баралтыг хамгийн бага түвшинд байлгах зорилготой Олон улсын эрүүл мэндэд суурилсан зөвлөмжид заасан хэмжээнээс долоо дахин их, Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингээс гурав дахин өндөр байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассемблейн дарга, доктор С.Оюун, "Монгол Улсын хүрээлэн буй орчны өөрчлөлт, агаарын бохирдол: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тависан юм. Тэрбээр "Дэлхийн хэмжээнд жилд 7 сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алдаж байна гэсэн тооцоо байдаг бол 2012 онд ДЭМБ-ээс жилд 3.3 сая хүн гадна орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөс шалтгаалан амиа алджээ. Үүнээс харахад дэлхий нийтэд шинэ төрлийн өвчин болж байна гэдгийг анхааруулж байна" гэв.
Агаарын бохирдол аймшигт үр дагавар дагуулж байгааг дээрх эрхмүүд ч үнэндээ зөвшөөрч уг асуудлаа шийдвэрлэхийг удаа дараа сануулсаар байгаа. Гэвч манайхан утаагүй зуух мэтийн нүд хуурсан аар саархан ажил хийсээр хамгийн чухал улс орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг бодсонгүй. Тэгвэл дахин нэг харамсалтай гэмээр судалгааг танилцуулж байна.
Зөвхөн хотын төвийн 4 дүүрэгт жилдээ 4,000-5,000 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн байх юм. Харин Гэр хороолол болон Орон сууцанд амьдарч байгаад нярайлсан ээжүүдийн дунд судагаа хийхэд гэр хороололд амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд орон сууцанд амьдарч байсан ээжээс төрсөн хүүхдээс 39 граммаар бага байжээ.
Тэгвэл Улаанбаатар хотын бохирдол ихтэй газар амьдарч байгаа хүүхдийн хамар салстаас ургуулсан нянг харцуулахад агаарын бохирдол ихтэй газар амьдарч байгаа хүүхдийн арьс салстаас 2-3 төрлийн нян ургаж байжээ. Харин эхийн хэвлийд байх ураг аяндаа зулбаж байгаа нь агаарын бохирдолтой шууд хүчтэй хамааралтай болохыг ч тогтоосон байна.
Өнгөрсөн онд ЭХЭМҮТ-ийнхөн ДЭМБ-тай хамтран агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа судалгааг хийсэн байна. Судалгааны дүнд Улаанбаатар хотын хүүхдүүд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10-100 дахин их бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа гэж гарчээ.
Хэрэв агаарын бохирдол энэ байдлаараа цаашид 10 жил үргэлжилбэл одоо төрж байгаа болон 5-10 жилийн өмнө төрсөн хүүхдүүд бүгд амьсгалын замын ямар нэг эмгэгтэй болох аюул бий болоод байна. Мөн цаашлаад нөхөн үржихүйн насныхан үргүй болох аюул ч байгааг мэргэжилтнүүд онцлон хэлж байна.