Ирэх сард зудын голомтод байгаа айл өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлнэ

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа  малчдад бэлэн мөнгө, хувцас, хүнс тэжээл олгохоор болоод байгаа. Тус нийгэмлэгийнхэн эхний ээлжинд  300 орчим сая төгрөгийн тусламжийг 1600 өрхөд үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ тэдний 400 орчим өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр болсон юм.

Тэгвэл Улаан загалмай нийгэмлэгийнхэн одоогоор зудын голомтод байгаа айл өрхүүдийн судалгааг хийж байгаа юм байна. Ингээд зайлшгүй шаардлагатай айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажлыг хийхээр болжээ. Ингэхдээ Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх юм байна.

Тухайлбал, зуданд буй айл 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүлийг сонгон тусламж үзүүлнэ гэв. Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санал болгосноор өрхийн нэг гишүүнд ноогдох малын тоо дунджаар 20 байхаар тооцож, нэн тэргүүнд тусламж хүртээх шаардлагатай өрхийг сонгох хэрэгтэй  байгаа аж.

Ингээд тэд ирэх сарын 16-наас эхлэн арилжааны банкаар дамжуулан малчдад мөнгөн тусламжийг нь олгохоор болжээ. 

Дашрамд дуулгахад өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа. Нийт найман аймгийн 97 сум “цагаан зуд”-тай, 20 аймгийн 111 сум “цагаанаар зудархуу” байдалтай байгаа юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button