Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг тээвэрлэж явсан залуусыг шалгаж байна

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М, X, Улаанбаатар хотын иргэн Н нар энэ сарын 17-ны оройн 18.00 цагийн орчимд Хан- Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт эртний чулуужсан үлэг гүрвэлийн яс тээвэрлэж яваад цагдаагийнханд баригджээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна. Уг олдворыг Шинжлэх ухааны академийн Геологи, палеонтологийн төвд шилжүүлжээ.
Шинжилгээгээр энэ нь эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугасан хошуут үлэг гүрвэл болох 14.5-19.5 см хэмжээтэй зулзаганы бүрэн бус хэлхээ яс болохыг тогтоожээ. Энэ олдвор нь 71-84 сая жил хуримтлагдсан Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс олдсон байх магадлалтай аж. Хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж буй аж.
Г.Уянга
Olloo.mn