П.Орхон японы домогт бөхийг ялж, дэлхийн хэмжээний бөх гэдгээ тунхаглав

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХҮII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд өнөөдөр эхэлж эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж дууслаа.

Тус тэмцээнд багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар  эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар, дасгалжуулагч Д.Батням, “Хасу-Мегастарс клубын дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, шүүгчээр олон улсын шүүгч Л.Ганзориг, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат нар оролцож байна.

Эмэгтэй 53 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа спортын мастер Б.Хатантуулыг цэвэр ялж тус тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.

Эмэгтэй 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Каори Ичог сугадаж тонгорох, үүрэх зэрэг мэхийг дараалан хийж өрсөлдөгчөө хөл рүү нь ороход амжилттай хамгаалсаар баараггүй ялж хориод жил дэлхийн дэвжээнд байгаа босоо бөхийг 10:0 онооны харьцаагаар илүүрхэн хожиж дэлхийн хэмжээний бөх болсноо тунхаглан зарлалаа.

Манай бөхчүүд 1990 оноос тус тэмцээнд оролцож ирсэн хугацаанд 8 дахь алтан медалийг П.Орхон авлаа.

Түүний багш, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярихад “Үнэхээр сайхан барилдаж ямар ч мадаггүйгээр яллаа, би их баяртай байна. Ээжтэйгээ утсаар байнга холбоотой байсан болохоор би өдөр ээж рүү нь утасдаж “К.Ичо чинь С.Цэрэнчимэд, Э.Гантуяа хоёртой барилдахад толгой гуд татаж цочойгоод дагаж хөлд нь ороод байсан, тийм болохоор толгойг чинь уургалж гуд татахад нь цочиж болохгүй, хөлдөө алдаж болохгүй, буцахад нь хариу мэх хийгээрэй гэж хэлүүлсэн. П.Орхон маань яг тэгж барилдлаа. 55 кг-ын жинд барилддаг байсан ч өнгөрсөн намраас 58 кг-ын жинд барилдана гэж зүтгээд байсан, тэгээд шинэ жиндээ түргэн дасаж Спортын наадмаар тасархай түрүүлсэн, сая бүх өрсөлдөгчөө 10 онооны илүүгээр хожлоо, японы дэлхийн босоо бөхийг монгол бүсгүй өвдөг шороодуулсан нь “Алдар”-ын бөх байсанд би бүр ч их баяртай байна. П.Орхон энэ жил 22 настай, Каори Ичо 32-тай байх. Миний шавийн жин нь 63-64 кг байгаа, дуулиантай ялалт байгууллаа, одоо бол олимпийн эрхээ төлөө явна.” гэж ярилаа.

Хүрэл медалийн төлөө барилдаанд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд олон улсын хэмжээний мастер Э.Гантуяаг 10:0, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор оросын бөх Екатерина Балдановаг 6:1 онооны харьцаагаар ялж С.Цэрэнчимэд тус тэмцээний мөнгө, хүрэл, Б.Шоовдор алт, хүрэл медальтай бөх болов.

69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Түмэнцэцэг хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Замила Бакбергеноваг 12:6 онооны харьцаагаар ялж тус тэмцээний хошой хүрэл медальт бөх болж олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа 6 онооны илүүгээр ялж яваад дархан уургалан шидэх мэхэнд нь орж оросын бөх Ирина Бабкинад дийлдэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button