Долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногт улс орны амьдрал томоохон үйл явдлуудаар дүүрэн байлаа. Улс төрийн хүрээнд ерөнхий сайдыг огцруулах асуудал хүчтэй яригдаж, чуулган шөнө дунд хүртэл хуралдлаа. Энэ удаад Ерөнхий сайд суудалдаа үлдлээ. Түүнчлэн УИХ-ын чуулганаар Сонгуулийн санал хураах өдрийн зургаадугаар сарын 29-нд байхаар хуульчиллаа. Түүнчдэн долоо хоногийн ажлын өдрийн төгсгөлд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын бичсэн захидал олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Нийгмийн амьдралд сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор дугаарын хязгаарлалтын зохицуулалт амралтын өдрүүдэд хэрэгжиж байна. Түүнчлэн нийслэлийнхэн их цэвэрлэгээнийхээ товыг гаргаад байгаа билээ. Ингээд  өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

-Ерөнхий сайд суудалдаа үлдэв-

 

Өнгөрөгч пүрэв гаригийн 19.30 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг хэлэлцэж эхэлсэн. Санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Ерөнхий сайдыг огцруулах нь буруу гэж үзсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны есөн гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжиж, арван гишүүн эсрэг санал өгсөн. 

\

-УИХ-ын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 29-нд явагдана-

Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”  тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ингээд "Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Тус тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн  Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг санал дэмжигдлээ. 

\

-Тойргийн мандатыг хуучин хэвээр үлдээв-

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар сонгуулийн тойрог, мандатын асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулсан юм. Үүний дараа УИХ-ын дарга үг хэлэх саналтай гишүүд байхгүй байна гэж үзээд хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн 82,1 хувь нь дэмжиж, нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх төсөл уналаа. 

-Г.Шийлэгдамба 500 сая төгрөгийн авлига авсан гэх талаараа олон нийтэд захидал хүргүүллээ-

500 сая төгрөгийг ажлын өрөөндөө авлигалд авч байгаад саатуулагдсан гэх Эрүүл, мэнд спортын сайд  Г.Шийлэгдамба олон нийтэд ил захидал хүргүүлжээ. Тэрбээр ил захидалдаа миний авсан мөнгийг би биш намын дарга Н.Энхбаяр авсан. Мөн Н.Энхбаярт нэмж мөнгө өгөх ёстой байсан. Бас өөрийн хүсэлтээр Эрүүл, мэндийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй.Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн шахалтаар гарын үсгээ зурсан хэмээн бичжээ.

Олон нийтэд хүргэх ил захидал\: Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна. Үүнд:Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад  хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.

 

Чухам бодит байдал дээр юу болсон тухай  дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм.  Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.

 

Миний  бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. 

 
 
-Каори Ичо аваргыг 158 дараалсан ялалтыг Монгол охин зогсоолоо-

Ийм гарчигтай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарч эхэллээ. Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-д зодоглосон П.Орхон Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртсэн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Олимпийн гурван алт, дэлхийн 10 удаагийн аварга домогт Каори Ичогийн дараалсан их ялалтын цувралыг тэрбээр зогсоож чадсан нь спортын ертөнц үзүүлсэн түүний амжилт. Энэ ялалтын дараа дэлхийн томоохон хэвлэлүүд “Каори Ичо аваргыг 158 дараалсан ялалтыг Монгол охин зогсоолоо” хэмээн бичсэн юм. 2002 оноос хойш дэлхийн дэвжээнд босоо байсан алдарт Каори Ичо өнөөдрийг хүртэл ялагдал амсах нь бүү хэл баргийн өрсөлдөгчдөө ч оноо алдаж үзээгүй аж. 

Мөн тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэй 61 кг, 86 кг, 125 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, аваргууд тодорлоо.Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэй 75 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Одончимэг аваргын алтан медалийг хүртлээ. Түүний хувьд финалд дэвжээний эзэн орны бөх Елена Перепёлкинаг ялан түрүүллээ.Энэ жинд нийт 10 бөх барилдсанаас Б.Одончимэг эхний тойрогт хийлж, шөвгийн наймд ОХУ-ын Алёна Афанасьеваг (9:6), хагас шигшээд Японы Кудо Кайоког (5:3) ялан финалд шалгарсан юм. Манай бөх аваргын төлөө эзэн орны бөхтэй барилдсан ч олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө яллаа. Энэ жингийн хүрэл медалийг Гавьяат тамирчин О.Бурмаа хүртсэн юм. Мөн эмэгтэй 48 кг-ын жинд Э.Нарангэрэл хүрэл медаль хүртлээ.

\

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button