Ж.Амарсанаа: Цэц, УИХ-ыг хянадаг, УИХ-тай сөргөлдөөнт шинжит харилцаатай

УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэгвэл уг хуульд өөрчлөлт орсноор өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн гэж болохоор нөхцөл байдал үүсээд буй. Иймээс Үндсэн хуулийн цэцээс уг хуулийн төслөөр маргаан үүсгэж, Ерөнхийлөгчид хүртэл хандсан билээ. Гэвч Ерөнхийлөгч уг асуудалд ямар нэгэн хариу өгөөгүй юм.
Гэтэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Гэвч чуулганы хуралдаанаар эл асуудлаар тав хоногийн завсарлага аваад буй.Иймээс Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн байр суурь ганхаж эхэлсэн. Үүнээс гадна цэцийг тойрсон олон асуудал буй. Иймээс өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Таныг огцруулах асуудлыг Хуульзүйн байнгын хороогоор авч хэлэлцээд дэмжсэн. Гэвч энэ асуудлыг хэлэлцсэнийг МАН-ын бүлгээс хуралдааны дэг зөрчсөн хууль бус хэмээн мэдэгдсэн. Үнэхээр хуралдааны дэг зөрчсөн шийдвэр байсан уу?
-УИХ-ын Тамгын газар Дээд шүүхэд бичиг явуулсан байна лээ.Мөн “ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаагаас УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна” гэж. Би олон жил хуулиар амьсгалж байна. Албан бичиг хууль зөрчсөн гэдгийг түүний ар дахь Ж.Амарсанаа хууль зөрчиж гэж ойлгодгийг одоо л ойлгож байна. Ойлгохын тулд уншиж судалж байна. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор ҮХЦ-д маргаан үүсгэсэн тухай Наранчимэг гишүүний тогтоолыг УИХ-д хүргүүлсэн. Энэ тогтоолтой холбоотойгоор миний бие УИХ-ын даргад бичиг явуулсан. Ингэж явах нь хэвийн үзэгдэл. Тэрхүү бичигт “ҮХЦ нь маргаан хянах шийдвэрлэх ажил нэгэнт эхэлсэн тул үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг анхааралдаа авна уу” гэсэн л бичиг байсан.
Энэ асуудлыг хэрхэн хэлэлцсэнийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Байнгын хорооны хуралгүй цагт буюу өглөөний найман цагт байнгын хорооны хурал зарлалаа. Үдээс хойш эхэлдэггүй хурлыг эхлүүллээ. Байнгын хорооны хурлыг дэгийн хуулиар шийддэг. Тэгэхээр Хуралдааны дэгийн хууль зөрчиж , уг байнгын хорооны хуралдааныг явуулсан.
Мөн хууль зөрсөн эсэхийг шүүхээр тогтооно. УИХ, Тамгын газар нь нотолдоггүй. УИХ-ын Тамгын газраас Дээд шүүхэд бичиг явуулсан бичгийн хариуд Ерөнхий шүүгч “ та бүхэн хуулийнхаа дагуу шийд” гэдэг хариуг өгсөн. Түүнээс бус огцруулах тухай ямар ч санал байхгүй. Тэгэхээр энэ асуудал бүхлээрээ хууль зөрчсөн.
Надад энэ суудалтай зууралдаад байх шаардлага байхгүй. Гэхдээ хууль баталдаг байгууллага нь хуулиа биелүүлээч л гэж хүсмээр байна. Намайг ажлаас минь чөлөөлж болно. Тэгэхдээ үүнийг хуулийн дагуу, хууль журамдаа нийцүүлж хийх ёстой. Улсын дээд шүүхээс намайг огцруулах асуудлаар ямар ч санал гаргаагүй. Харин УИХ-ын Тамгын газраас явуулсан албан бичигт хариу өгснөөс өөрцгүй. Үүнийг нь санал хэмээн ташаа хэлсэн.
Цэцийн даргыг огцруулах асуудлыг Цэцийн хуралдаанаас эхэлж гаргана. Үүнийгээ Улсын дээд шүүхэд илгээж, санал авна. Тэрхүү саналд Улсын дээд шүүх ямар санал гаргана. Тэр саналаар УИХ шийддэг. Гэтэл Цэцээс тийм санал гаргаагүй. Үнэхээр намайг огцруулах гэж байгаа бол огцруулах томилох асуудлыг хамтад нь оруулж ирэх ёстой. Намайг чөлөөллөө гэхэд, миний оронд ажиллах томилгоо нь байхгүй байна. Цэцийн шүүгч гэдэг бол Үндсэн хуулийн манаач. Манаач хүн ээлж солилцож байж ажлаа явуулдаг. Тэгэхээр энэ асуудлыг хуулийн дагуу л шийдэх учиртай.
-ҮХЦ-ээс шинээр баталсан Цэцийн тухай хуультай холбоотойгоор Ерөнхийлөгчид хандсан. Ерөнхийлөгчийн зүгээс ямар нэгэн хариу ирүүлсэн үү?
-ҮХЦ-ээс Ерөнхийлөгчид хандсан. Ингэхдээ “Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж байгаа тул холбогдох хуулиудыг хэрэглэж аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулбал үндсэн хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болох талаар сануулсан албан бичгийг УИХ-ын дарга, холбогдох бусад албан тушаалтан илгээсэн. Холбогдох албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж эхэлсэн, уг хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нэн даруй сольж, өөрт дуулгавартай үйлчлэх хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох үйл ажиллагааг ойрын үед явуулахаар санаархаж байна.
Иймд Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуулийг дээдлэн сахин биелүүлэхээр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд энэ асуудлыг анхааралдаа авч Үндсэн хуулийг хамгаалах үүднээс уг үйл явцад оролцох шаардлагатай болж байна гээд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тодорхой хүнийг томилуулахаар УИХ-д санал болгон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчихгүй байхыг уламжилсан юм. Гэвч Ерөнхийлөгч уг хуультай холбоотойгоор өөрийн санаа оноогоо илэрхийлээгүй, хориг тавиагүй. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа хууль батлагдсанаас тав хоног байдаг. Энэ хугацаа өнөөдөр/2016-01-28/-ийн 17 цаг 20 минутад дуусна. Бүх юм цаг хугацаатай шүү дээ. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавиагүй бол зургаа дахь өдрөөс эхлэн уг хуулийг Төрийн мэдээлэл эмхтгэлд хэвлэх ёстой байдаг.
-Гэтэл Цэцийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэчихсэн шүү дээ?
-Тиймээ. Цэцийн тухай хуулийг энэ сарын 25-ны өдөр “Төрийн мэдээлэл”-д хэвлэчихсэн байна. Ингэж Ерөнхийлөгчийн хуулийн хориг тавих эсэх тодорхойгүй байхад Төрийн мэдээлэлд хэвлэж бас л хууль зөрчсөн.
-Тэгэхээр Цэцийн тухай хуулиар танайхаас маргаан үүсгэчихээд байгаа шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-ҮХЦ-д батлагдсан хуулиар маргаан үүсгэдэг. УИХ-ын Дэгийн хуулиар баталсны дараагаар ёсчилдог. Батлагдсаны дараагаар Ерөнхийлөгчид хориг тавих асуудлаар уламжилдаг. Тэгэхээр Ерөнхийдөгчид хүсэлт тавьсан атал хориг тавиагүй бол уг хуулийг нэгдүгээр сарын 19-нд буюу батлагдсан гэдгээр үйлчилнэ. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар маргаан үүсгээд маргаан үүсгэх обьект нь ҮХЦ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм.
-ҮХЦ гэж чухам ямар үүрэгтэй байгууллага вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
– ҮХЦ гэдэг ямар байгууллага вэ гэдэг талаар хэлэхэд үүслээс нь хэлэх хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдсан. Дэлхий дайныг дахин өдөөхөөс сэргийлж энэ байгууллага байгуулагдсан байдаг.. 1950-аад оноос Европт Хүний эрхийг хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн шүүх гэдэг байгууллага байгуулагдсан. Энэ нь фашизмыг дахин сэргээхгүйн байх зрилготой. Харин 1990-ээд оноос хойш Төв Ази болон зүүн өмнөд Ази , Европын улсуудад Үндсэн хуулийн шүүх гэдэг байгууллага олноороо байгуулагдаж, тархаж эхэлсэн. ҮХЦ гэдэг бол Үндсэн хуулийн манаач. Энэ нь хүний эрхийг хамгаалах гол зорилготой.
Нэг ийм үг байдаг юм. Дээрэмчин, танхайчуудаас хамгаалахын тулд Засгийн газар, Парламент гэж ажилладаг. Засгийн газар, Парламентаас хүнээ, хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүх буюу ҮХЦ гэж Үндсэн хуулийн манаач болж ажилладаг.
-Сүүлийн үед УИХ-аас баталсан хууль, ҮХЦ-ээс гаргасан шийдвэр үргэлж зөрчилддөг болсон. Ийм байдал нь энэ хоёр байгууллагыг байнга маргаантай, сөргөлдөөнтэй юм шиг харагдуулдаг?
– УИХ бол хууль тогтоох байгууллага. Тодорхой нам, бүлэг фракцын эрх ашгийг бас илэрхийлдэг. Зөрчил хардлага ихтэй.
УИХ-аас ямар нэгэн шийдвэр гаргалаа гэхэд та бүхэн “Өө, тэр намын талд шийдчихлээ, энэ намын талд шийдчихлээ” гэдэг. Тэгэхээр УИХ бол аль нэг намын талд шийддэг байгууллага биш. Харин намуудын цаана сонирхол байна гэдэг ч тодорхой.
ҮХЦ, УИХ-тай сөргөөцөлдөөд маргалдаад байдаг юм байхгүй. Яагаад гэвэл “УИХ-аас баталсан хууль нь Үндсэн хууль зөрчөөд байна” гэдгийг иргэд өргөдөл мэдээллээр бичиж ил гаргадаг. Түүнийг л Цэц авч хэлэлцдэг. Тэгэхээр ойлгомжтойгоор хэлбэл, ширээний нэг талд иргэн, нөгөө талд УИХ буюу түүний итгэмжлэгдсэн. төлөөлөгч сууна. Мөн хажууд ҮХЦ хамт байж дээрх хоёрын үүссэн асуудлыг шийдэж өгдөг.
ҮХЦ манай улсад 1992 онд байгуулагдсанаас хойш 2000 гаруй өргөдөл мэдээлэл ирсэн. Үүний зарим нь сургаал айлдсан нь ч байдаг. Засгийн газрын тогтоол, СЕХ-ны шийдвэр, Дээд шүүхийн шийдвэр ч гэдэг юм уу дийлэнх нь хуультай холбоотой асуудал орж ирдэг. Нэг хэсгийг нь бид хамаатай байгууллагад нь шилжүүлдэг, Нөгөө хэсгийг нь маргаан үүсгэхээс татгалздаг. Тэгэхээр цөөхөн хэсэгт л маргаан үүсгэдэг юм.
Өөрөөр хэлбэл, Цэц УИХ-ыг хянадаг. Жишээ нь, нэг цайны газарт мэргэжлийн хяналтын байцаагч орж ирэхэд алгаа ташаад угтдаггүй байлгүй дээ. Үүнтэй адил Цэц, УИХ бол сөргөлдөөнт шинжит харилцаатай. Энэ нь нийтэд уншигдахаараа “хоорондоо маргалдаад сөргөлдөөд байгаа юм шиг харагддаг. Цэцийн зүгээс УИХ-ыг хатгаад, өдөөд байдаг юм байхгүй. Иргэний өргөдөл мэдээллийн дагуу л асуудлаа шийддэг. Гэтэл үүнд УИХ-аас хэт реакци өгч байна.
Үндсэн хуульд “Цэцийн гишүүнийг зургаан жилээр томилогдоно” гэж байгаа. Өөр заалт байхгүй. Сая Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа орчуулсан байна л даа. Дахин нэг л удаа зургаан жил байж болно гэж.
Ерөнхийлөгчийн тухай хуульд бол дахин нэг удаа 4 жил байж болно гээд заасан байгаа. Үүнд засгийн газар орон нутгийн удирдлагуудыг дөрөв гээд заачихсан. Хуучин УИХ-ын Дэгийн тухай хуулиар Цэцийн гишүүн очиж асуугддаг байсан. Сүүддээ 2000 онд хуульд өөрчлөлт оруулснаар Цэцийн дарга очиж асуугдана. Хэрэв дарга нь байхгүй бол орлогч нь очиж асуугдана. Тэгэхдээ эхлээд байнгын хороон дээр асуугдана. Дараа нь УИХ-аар асуугддаг. Ингэж асуугдахдаа “ямар учраас дүгнэлт гаргав, үндэслэл нь юу байв. Ямар үр дагавар гарах уу гэдгийг асууна” гэнэ. Мөн цэцээр хүчингүй болгосон юмыг сэргээж байна. Тэгвэл Цэцийн хүчингүй болгосон асуудлыг сэргээвэл, Цэц их суудлаара дахин авч хэлэлцдэг. Энэ бол төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, цэцрүү довтолсон дайрсан, бушуухан үгэндээ оруулах арга гэсэн л арга гэж харж байна.
-УИХ-ын дарга З.Энхболдтой холбоотой асуудал Цэцэд хандсан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үнэхээр УИХ-ын даргатай холбоотой маргаан Цэц дээр үүссэн үү??
-УИХ-ын дарга бол Үндсэн хуулийн цэцийн хариуцагч болдог. УИХ-ын өмнөх даргын хувьд ч асуудал орж ирж байсан. Харин энэ даргын хувьд анх сонгогдсон өдрөөс эхлэн маргаан орж ирж байсан. Тэр нь юу байсан бжэ гэхээр, “УИХ-ын дарга З.Энхболд хууль бусаар, Үндсэн хууль зөрчиж сонгогдлоо” гэсэн маргаан орж ирж байсан. Өмнөх даргын хувьд ажлын явцад лмаргаан орж ирж байснаас бус ажлаа авангуут ийм асуудал орж ирж байгаагүй. З.Энхболдтой холбоотой хэд хэдэн маргаан ирсэн. Бид цэвэр эрхзүйн шийдвэр гаргадаг. Гэхдээ улс орны аюулгүй байдал тогтвортой байдал талаасаа хүлээцтэй ханддаг.
Харин саяын гаргасан маргаан бол иргэн өргөдөл мэдээлэл гаргасан. Үүний дагуу маргаан үүсгэсэн байгаа. Маргаан үүсгэхсэн тул шууд их суудлаар хэлэлцэнэ. Гэхдээ шийдвэр гаргахдаа З.Энхболдод үндсэн хуульзөрчсөн, зөрчөөгүй гэдэг шийдвэр гаргахаас бус огцруулна, огцруулахгүй гэсэн шийдвэр гаргахгүй. Иймээс цэцээс гаргасан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээд ямар шийдвэр гаргах нь парламентын асуудал.
-Цэцээс гаргасан 13 дүгнэлтээс үүдэлтэйгээр ипотекийн зээл зогссон. Иймээс уг зээлийг цааш явуулахын тулд УИХ-аас Үл хөдлөх хөрөнгийн барьцаалан зээлдүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан?
-УИХ-аар Иргэний хууль болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд ганц ганц заалд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулсан лээ. Одоо ҮХЦ-ийн шийдвэр хамаагүй, УИХ хэлэлцээд гацаанаас гаргачихлаа гэж байна. Тэр өөрчлөлтөөр барьцаалагч банкны зөвшөөрөлтэйгөөр л бусдад шилжүүлнэ гэж заасан. Тэгэхээр тухайн иргэн нас барлаа гэхэд гэрээслэлдээ өөрийын үл хөдлөх хөрөнгөө үр хүүхэддээ шилжүүлж чадахгүй болж байгаа юм. Бидний гаргасан шийдвэр бол үүнийг барьцаалагч өөрөө шийдэх ёстой л гэсэн. Энэ талаараа гэрээндээ тусгаад ямар нэгэн зохицуулалт хийж болох байсан уу гэвэл болох байсан. Хэрэв Цэц үндсэн хууль зөрчсөн улс төржсөн гээд байгаа бол энэ талаар их сургуулийн хуулийн багш нараас асуух хэрэгтэй.
olloo.mn