Зика вирусын халдвар тахлын хэмжээнд хүрчээ

Хурдтай тархаж байгаа Зика вирусийн халдварыг дэлхийн хэмжээний аюул хэмээн зарлан онцгой байдлын дэглэм тогтоож буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Маргарет Чен мэдэгдлээ.

Шумууланд хазуулснаар халдварлах уг вирусын шинж тэмдэг бага зэрэг халуурах, толгой өвдөх зэргээр илэрдэг бөгөөд Америк тивийн 21 улсад дээрх шинж тэмдэг бүртгэгджээ. ДЭМБ-ын дүгнэлтээр вирусээр 3-4 сая хүнд халдварлах магадлалтай гэнэ.

Уг вирус нь шумуулнаас гадна, бэлгийн замаар халдварлах магадлал маш өндөр гэдгийг сануулж байна.Латин Америкийн орнууд эмэгтэйчүүдийг жирэмсэн болохгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ, хэрэв жирэмсэн болсон тохиолдолд эмчийн хяналтанд байж, маш болгоомжтой байхыг зөвлөж байна.

Африкаас гаралтай энэхүү вирус Рио-2016 олимпийн наадамд саад учруулж мэдэхээр байгааг томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байгаа юм. Учир нь Бразил улсад хамгийн их  бүртгэгдээд  байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Бразил улсад бүртгэгдсэн Зика вирусын улмаас 4000 нярай хүүхэд толгой хэт жижгэрэх эмгэгтэй төржээ.Толгой хэт жижгэрч, тархины буурай хөгжил зэрэг нь яваандаа үхэлд хүргэх аюултай.

Зика вирусын халдвар их байгаа улсууд руу аялахгүй байхыг, ялангуяа эмэгтэйчүүдийг тэдгээр орнууд руу зорчихгүй байхыг сануулж байгаа бөгөөд, гол халдвар тараагч шумуулаас өөрсдийгөө хамгаалж, цонхондоо тор татах, хаалга үүдээ хаалттай байлгах арга хэмжээг авахыг зөвлөжээ.

Зика вирусын эсрэг вакцин болон ямар нэгэн эмчилгээ гараагүй байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button