Утаанаасаа салах №1 арга зам

Судалгаанаас харвал хотын агаарын бохирдолын 60 %-ийг гэр хорооллын зуухнууд , 10 %-ийг уурын зуухнууд  6 %-ийг ДЦС ууд  үүсгэдэг ажээ.  Эдгээр нь бүгд шийдвэрлэж болох  суурин эх  үүсвэрүүд бөгөөд ялангуяа гэр хороололын 180 000 зуухны асуудлыг шийдчихвэл асуудал цэгцрээд ирэх нь ойлгомжтой ажээ . Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг тул утааы эсрэг баримталж байгаа төрийн бодлого  зорилгодоо хүрч чадахаар зөв эсэх нь хамгийн чухал хүчин зүйл юм.  Иймд төрөөс утааны эсрэг баримталж ирсэн мөн цаашид баримтлах бодлого нь зөв эсэх ,хэр үр дүнтэй байгаа болон цаашид асуудлаа шийдвэрлэж чадах эсэх тал дээр нь үнэлэлт дүгнэлт өгцгөөе.

   

-Эхний ээлжинд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь сайжруулсан зуух тараасан явдал байсан бөгөөд төслийн санхүүжилтын ихэнхийг Америкчуудаар гаргуулсан нь ухаалаг шийдэл болсон. Энэ нь утааны асуудлыг шийдвэрлэхгүй ч харьцангуй өгөөжтэй арга хэмжээ болсон.

   

-Харамсалтай нь ДЦС 2 ыг түшиглэсэн сайжруулсан түлшний үйлдвэрийн төсөл нь даанч дээ гэмээр хөрөнгө хүч дэмий үрсэн бодлогогүй үйлдэл болсон.

-Айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг ххямдруулсан нь сонгууль угтсан боломж нь бүрэлдээгүй байхад л зүтгүүлээд дараа нь хямраачихдаг урт насгүй ээлжит популист тал засалт л биш бол үнэхээр сайн байна гэж магтъя.

–  Хамгийн гол нь төрийн зүгээс утааны эсрэг ирээдүйд баримтлах бодлого нь зорилогодоо үл хүрэх утоп шинж чанартай байгаа бөгөөд утааг багасгах бус арилгах зөв шийдлээ олж харахгүй байгаа нь нэн харамсалтай хэрэг юм .

Энэхүү бодлогоор бол хотын гэр хорооллынхныг, төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдох боломжтойг нь дахин төлөвлөлтөөр барилгажуулаад  холбогдох боломжгүй хэсгийг нь сайжруулсан түлш газан хэрэглээнд шилжүүлээд хот утаагүй болох юм байх. Энэ нь зөвхөн коммунист эдийн засгийн хөшүүргээр байнгын асар их үргүй татаасны хүчээр л биелэж магадгүй юм .Гэр хорооллыг барилгажуулснаар утаагүй болох төлөвлөгөөнд ихээхэн найдлага тавьдаг боловч,  энэ нь сайхан сонсогдохоос хэтрэхгүй хөрсөн дээрээ буугаагүй их санаа бөгөөд орлого муутай иргэдийнхээ хоосон хэтэвчийг мөргөөд л саваагүй нохой саранд хуцаж байснаа мэдрэх болно. Хөгжингүй Америкийн орон сууцнуудтай ижил өртөгтэй байрыг ,өдрийн орлого нь өдрийн хэрэгцээндээ л зарцуулагддаг гэр хорооллынхон маань  бүтэн 1 үеийг элээж байж авч магадгүй юм. Энэ бодлогоор явбал  утаа арилах ирээдүйн тэр нэгэн гэрэлт өдрийг хүртэл бид хордсоор хорогдсоор л байх болохнээ.

Судалгаанаас харвал хотод шинэ орон сууцанд орж байгаа иргэдийн тооноос, хөдөөнөөс хотод шилжин ирж байгаа иргэдийн тоо 3 дахин их байгаа бөгөөд эдгээр иргэд нь хотын захын гэр хорооллыг улам тэлэн суурьшдаг. Улаанбаатарын барилгажилтын түрэлт нь гэр хорооллынхоо тэлэлтийг ч гүйцдэггүй. Байдал ийм байхад ч бодлого гаргагчид маань итгэл үнэмшил дүүрнээр, барилгажилт бол хот утаанаасаа салах хамгийн сайн арга  хэмээн тунхагласаар. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг бол дэмжиж байна. Гэвч барилгажилт нь утаанаасаа салах үндсэн арга зам гэж тархи угаахыг бол эсэргүүцэж байна. Барилгын бизнесийнхний лобби  ч гэмээр энэхүү санаа нь утааны эсрэг тэмцэлд голлох бус дайвар чанарын л үүрэгтэй. Бодлого тодорхойлогчид маань үүнийг хэтрүүлэн үнэлсэнээрээ,  хотоо утаанаас нь салгах гол арга замаа эрж олох , түүн дээрээ төвлөрөх тэр л түүхэн цаг хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.

Сайжруулсан түлш болон газан хэрэглээнд ч бас багагүй найдаад байх шиг байна. Шулуухан хэлхэд энэ нь амьд гарах арга замаа хайхын оронд ,”найзуудаа бүгдээрээ Баранд идүүлж байхаар Чононд идүүлцгээе” гэж уриалж байгаатай ямарч ялгаагүй юм. “Тэнэг хүн өөрийн алдаанаасаа харин ухаалаг хүн бусдын алдаанаас нь суралцчихдаг” гэсэн хэллэг дэлхийн бүх улсад байдаг. Та бүхэн дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлдэг хотууд бүгд түүхий нүүрс түлдэг хотууд байдаг гэж бодож байна уу? Үгүй ээ тэдний ихэнх нь бидний одоо зүүдэлж мөрөөдөөд байгаа сайжруулсан түлш  болон газан хэрэглээнд бүрэн шилжсэн байдаг. Тэгээд яагаад утаанаасаа салж  чадахгүй, утаанаас шалтгаалсан өвчлөлт өндөр байгаад байна вэ? Сайжруулсан түлш болон газан хэрэглээ нь түүхий нүүрснээс дэвшилттэй, утаа нь нүдэнд өртөхөөргүй тунгалаг бөгөөд бага ялгардаг боловч олны олон 5 цэн гэдэгчлэн олон зуун мянган хэрэглэгчдийн утаа нийлээд ирэхээрээ аврага том хотыг ч нар үзүүлэхээргүй утаан манангаар битүү бүрхэх чадалтай.  Үүний жишээ нь энэ дэлхийд дэндүү түгээмэл бөгөөд бараг жишээ бишийг нь нэрлэвэл цаг бага орох байх. Газан хэрэглээний тухайд үйлдвэрлэгчээсээ эцсийн хэрэглэгч хүртлээ дэд бүтцээр холбогдсон  байж гэмээнэ тээвэрлэлтийн зардал нь бага гарч түүхий нүүрстэй татаасгүйгээр өрсөлдөх чадвартай болно. Гэвч гэр хорооллын нөхцөлд газын дэд бүтэц байгуулах ямарч техникийн боломжгүй бөгөөд савлан тээвэрлэсэн тохиолдолд үнэ нь өсөхийн зэрэгцээ бүтээгдэхүүн өөрөө галын болоод дэлбэрэх, угаартуулах аюултай тул, хэнэггүй годуу хүмүүстэй манайхны хувьд, эрсдэлийн түвшинг огцом өсгөх, хүсээд баймааргүй л сонголт юм. Сайжруулсан түлшний тухайд бол утаа арилчихгүй ч гэсэн багасгана. Агаарт нийлүүлдэг хорт бодисууд нь тодорхой хэмжээгээр багасана.Гэвч нарийн тоосонцор нь гардагаараа л гарна. ДЭМБ-ын судалгаагаар түүхий нүүрс түлдэг  Улаанбаатар, газан хэрэглээгээ түлхүү хөгжүүлэх болсон  Бээжин хот 2 хоёулаа л агаарын бохирдолын хэвийн түвшинөөсөө олон дахин өндөр гардаг шүү дээ. Гойд ялгаа байна уу таминь ээ.  Иймд бид багаахан дэвшлийн төлөө багаар сэтгэж ихээхэн хөрөнгө үрж, цаг хугацаагаа алдаж байхаар, томоохон дэвшлийн төлөө томоор сэтгэн тохирсон зардлаа гаргах нь дээр биш үү?  Баруун Европын утаанаасаа салсан хотуудын халаалтынх нь хөгжлийн түүхийг судалхад, тодорхой шатлалтай зүй тогтол ажиглагддаг. Эхэндээ мод  нүүрсээр,  яваандаа сайжруулсан түлш ,газаар, эцэст нь цахилгаанаар төвлөрсөн дулаандаа холбогдох боломжгүй хэсгийнхээ дулааных нь асуудлыг шийдсэн байна. Явж явж технологийн шалгаралынхаа эцэст нь, эрүүл аж төрөх шалгарсан хүртээмжтэй шийдэл бол цахилгаан халаагуур гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрчээ Иймээс бид ч бас дотоодынхоо хямд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн тусламжтайгаар л нийтийн эрүүл мэнд болоод үндэстэний удамшлынх нь  санд нөлөөлөөд эхэлчихсэн,  утааны гамшигаас салах боломжтой. Хэрэв бид эдийн засагаа сууриар нь эрүүлжүүлжүүлэн, үйлдвэржилт өрнөх таатай орчинтой болж,  дээр нь утаанаасаа салахыг үнэхээр л хүсэж байгаа бол нэн тэргүүнд төрийн залгамж чанараа хадгалсан, удаан хугацаанд шатлан үргэлжлэх  ДОТООДЫНХОО ХЯМД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ  ашиглагдалгүй орхигдож ирсэн нөөц бололцоон дээрээ  төвлөрсөн, тууштай бодлоготой болох зайлшгүй шаардлагатай байна.  Энэхүү  бодлого хэдий чинээ эрт залагдана, төдий чинээгээр  иргэд, хувийн хэвшлийнхэн бэлтгэлээ эрт базааж, бизнесээ уялдуулан хөгжүүлэх урт хугацааны тодорхой зөв чиглэлтэй ч болно. Эс бөгөөс утааг бяцхаан бууруулах, утааны эсрэг тустай гэсэн арга зам болгон руу үсчсэн, ээлжлэн солигдох жолоодогч бүрийн балгаар улсын болоод иргэдийн, өдий төдий хөрөнгө, цаг хугацаа замхарсаар л байхнээ. Утаанаасаа салах шилдэг сайн арга нь  өөрт нь байсаар атал өөр тааруухныг нь сонгох нь Монголд л лав ашиггүй. Сонголтоо хийж чадахгүй байгаа бол зүгээр л ард иргэдээсээ асуучих хэрэгтэй. 1. Халаалтаа цахилгаанаар шийдээд, эрүүл орчинд амьдармаар байнуу?  2. Халаалтаа сайжруулсан түлш , газаар шийдээд одоогийн хэвийн түвшинөөсөө10% давсан бохирдлоо 5 % болгон багасгаад амьдрах уу ? Бид утааны эсрэг олон сайхан бодлого төлөвлөгөө боловсруулж болно. Гэвч тэр бүгд эцсийн эцэст дундаж түвшний хэрэглэгдчийн сонголтоор л биелэх болоод эс биелэх нь шийдэгдэнэ гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь цахилгаан, сайжруулсан түлш, газ яагаад түүхий нүүрсийг орлож чадахгүй байна  вэ? Дундаж хэрэглээтэй өрх халаалтын улирлын турш хэрэглэх 3 портэр нүүрснийхээ өртөгөөр баримжаалан сонголтоо хийдэг.  

Ингээд тухайн өрхөд халаалтын улирлын  туршид шаардлагатай сайжруулсан түлш, газын өртөг 3 портэр нүүрснийх нь үнээс бага байх тохиолдолд  түүхий нүүрсний хэрэглээнээсээ татгалзах бодит сонирхол нь төрнө. Учир нь газ, сайжирсан түлш дулаан ялгаруулах илчлэг чанараараа нүүрснээсээ арай л бага байдаг. Цахилгаан  халаалтын тухайд бол аюулгүй талаасаа ч тэр, өөрт нь хүний хөдөлмөр хөнгөлөх  үндсэн давуу тал байдаг тул халаалтын улирлын турш хэрэглэх цахилгааны өртөг 3 портэр нүүрснийх нь үнэтэй ойролцоо байхад л, шууд цунами мэт 180 000 өрхийн их эрэлт сонирхол үүсэх болно. Өөрөөөр хэлбэл хэрэв цахилгаан хямдарвал А. СМИТ ахын томьёлсон “зах зээлийн ҮЛ ҮЗЭГДЭХ ГАРын хүч үүргээ гүйцэтгэн” хот аяндаа л утаагүй болж, үйлдвэржилт ч цэцэглэх болно гэж тайлбалсан ч болохнээ. Тэр үед бид хөрөнгө оруулагчдыг гуйгаагүй байхад ч гүйлдэн ирцгээх  том шалтгаан нь ч бүрэлдэхнээ. Мөн газ, сайжруулсан түлш нь халаалтын чиглэлээр түүхий нүүрстэй бие даан өрсөлдөж чадахгүй, зөвхөн коммунист эдийн засгийн арга хэрэгсэл болох “нэгийг нь хорьж нөгөөд нь татаас өгөх “замаар л оршин тогтнох  боломжтой байгаа нь, бүтээгдэхүүнүүд  өөртөө олборлолт, үйлдвэрлэлийн зардалаа шингээсний дээр нэн ялангуяа бөөнөөр тээвэрлэлтийн хямд дэд бүтэц нь хөгжөөгүйгээс өртөг нь өсөх тул, яаж ч зах зээлийн жамаараа зөвхөн олборлолт тээвэрлэлтийн зардал нь өртөгтөө шингэсэн түүхий нүүрстэй өрсөлдөх билээ дээ. Хэрэв аливаа өртөг шингэсэн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн зардлаа  хэмнэж чадаж байж л түүхий нүүрстэй өрсөдөх боломжтой болох юм бол, тээвэрлэлтийн зардал гэж бараг байдаггүй ч гэж хэлж болохоор эцсийн бүтээгдэхүүн бол цахилгаан эрчим хүч шүүдээ.Энэ чанар нь бидэнд маш том давуу талыг олгох  бөгөөд одоо зөвхөн үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх дамжлагад бүтээгдэхүүний үнэ өсчихөлгүй хямд үлдэх боломжийг нь судалцгаая. Одоогийн байдлаар манай улсад нэгж кв.цаг цахилгааны өртөг 144 ₮ байгаа .Энэ нь өртөг өндөртэй орнуудийнхтай харьцуулбал хямдхан бөгөөд цахилгаанаа бага өртөгөөр үйлдвэрлэдэг улсуудынхтай харьцуулбал өндөр юм. Гадаад улсуудийн хувьд тэд бүгд өөр өөрсөддөө ноогдсон боломжийнхоо хирээр л цахилгаанаа аль болохоороо хямд үйлдвэрлэхийг зорьцгоодог. Харин бидний хувьд, байж болох байсан боломжоосоо хэт үнэтэй үйлдвэрлэдэг. Энэ нь манай голлох станцууд үр ашигийг тэгтэлээ чухалчилдаггүй байсан социалист төлөвлөлтөөр баригдсанаас улбаатай бөгөөд, харамсалтай нь үр ашигийг тэргүүн зэрэгт чухалчилдаг АМЕРИК улсад  боловсорсон гэгдэх манай удирдагчид ч , энэ салбарын  зах зээлийн нийгэмдээ зохицоогүй шинэ шинэ төлөвлөлтүүдийг  нь одоо ч  гэсэн үргэлжлүүлэн хийсээр л байна. Судалгаанаас харвал багцаагаар манай улсын цахилгаан хэрэглээний 70%-ийг 2, 3, 4 дүгээр ДЦС-ууд  үйлдвэрлэж, үлдсэн 30%-ийг ОХУ аас импортолдог юм байна. Импортын цахилгааныг дотоодынхоосоо 5 дахин өндөр өртөгөөр авдаг. Харин дотоодын  ДЦС-ууд маань буруу төлөвлөлтийн улмаас \магадгүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үедээ зөв байсан байх\  уурхайнуудаасаа хэт хол байгуулагдсан бөгөөд үүний улмаас л нүүрс тээвэрлэлтээс үүдсэн зохиомлоор бий болгосон ч гэж хэлж болохоор ихээхэн зардал гардаг. Жишээ нь  4-р ДЦС  л гэхэд өдөр тутамдаа 140 вагон нүүрсийг 200 – 500 км холоос валютаар худалдан авдаг дизель түлш шатаан авчирдаг (энэ нь одоо бүүр нэмэгдсэн). Эдгээр биднээс шалтгаалсан, шийдчихэж болох 2 үндсэн хүчин зүйлийн улмаас зардал нэмэгдэн нэгж кв цаг цахилгааны өртөг 144₮ болжээ.Үүнд үйлдвэрлэл,дамжуулалт,түгээлт,нөат ордог гэж үзвэл,-үйлдвэрлэлийн зардлийг ихээхэн хэмнээд,дээр нь зөвхөн тусгайлсан халаалтын чиглэлээр түгээлт,нөат -ийн зардалыг нь тэглэх бүрэн боломжтой юм. Энэхүү 144₮ хэрхэн бүтсэн, зардалынх нь нарийвчилсан задаргааг 1 бүрчлэн сайн судалбал, ямар нь шаардлагагүй,ямарыг нь хэмнэж болох,цаашдынх нь хөгжилд юун дээр нь түлхүү анхаарах зэрэг олон зүйл ил болно.Энэ нь хэрэглэгчид бид харьцангуйгаар өндөр үнэтэй цахилгаан хэрэглэдэг гэсэн үг юм.

Зүй  нь  ДЦС нь заавал хамтад нь байгуулах шаардлагагүй ДС буюу дулааны станц болон ЦС буюу цахилгаан станцын нийлбэр бөгөөд  АҮК-ийнх нь үүднээс тодорхой тохиолдолд нүүрсний уурхай, хот хоёр нь ойролцоо байршилтай бол хамтад нь барьдаг.Учир нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаараад ДС нь хот буюу хэрэглэгчтэйгээ аль болох ойр байрлах зайлшгүй  шаардлагатай байдаг, харин ЦС нь нүүрснийхээ уурхайтай аль болох ойр байрлах шаардлагатай бөгөөд хоттойгоо ойр байрлаж утаан дээр утаа нэмэрлээд байх шаардлага байдаггүй ээ.Үүний тааруухан жишээ нь урд хөршийн Бээжин хотод байдаг бөгөөд, хоттойгоо шахаж байгуулсан ЦС уудийнхаа утааг хэрхэн яаж шийдвэрлэх аргаа олоогүй л байна. Иймд бид өртөг өндөртэй цахилгаан үйлдвэрлэдэг ДЦС-уудаа цаашид хүчин чадлыг нь нэмж,өргөжүүлэн тэлэлгүй, насжилтыг нь дуустал ашиглаад, буйран дээр нь шинээр хүчин чадал өндөр ДС байгуулах нь зүйтэй. Үүний зэрэгцээ нүүрсний уурхайнуудыхаа дэргэд өндөр хүчин чадлын ЦС-уудыг  байгуулж, шугам сүлжээгээр холбоод , хямд цахилгаан үйлдвэрлэлийг их хэмжээгээр экспортын чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй. Бид гашуун боловч нэгэн үнэнийг хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй. Энэ юу  гэхлээр манай дотоодын үйлдвэрлэгчдийн Хятадуудад асар их хэмжээгээр зарж чадах цорын ганц нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бол цахилгаан эрчим хүч юмаа гэдгийг.

Энэ чиглэлээрээ л төвлөрөх хэрэгтэй. Үгүй бол бид түүхий эд, хагас болосруулсан бүтээгдэхүүнээ экспортлохоос хэтрэхгүй.Харин 5 дугаар ДЦС-ын төслийг 2 хуваан өөрчилж ДС-ыг нь төлөвлөсөн байршил дээр нь барьж, ЦС-ыг нь уурхайтайгаа харьцангуй ойрхон байршилтай Чойбалсангийн ДЦС дээр нэмж өргөтгөн байгуулвал, зүүн бүсийн дутагдалтай хэрэгцээг төв цэгээс нь хангачих биш үү? Ер нь бол Улаанбаатарыг утаанаас нь салгах хямд цахилгаан үйлдвэрлэгдэх төгс байршил бол Багануур юм. Энд нүүрс тээвэрлэлт  болон үнс зайлуулах зардал хэмнэгдэх бөгөөд өндөр хүчдэлийн шугамаар хоттой холбоотой тул бүтээн байгуулалтын зардал ч багасах юм. Бас нэг боломж нь  гэр хорооллын 180.000 хэрэглэгчийн халаалтых нь асуудлыг шийдэх энэхүү хямд цахилгааны өртөгт нь УБЦТСК-ны үйлчилгээний төлбөр  нэмэгдэхгүйгээр эцсийн хэрэглэгчиддээ хүрэх боломжтой юм. Тэртэй  тэргүй одоогийн мөрдөгддөг  хэрэглэгчдийн ЦЭХ хэрэглэсэний  төлбөрийн нэгж 104.30₮ дотроо үйлчилгээнийх нь  зардал нэгэнт шингэсэн тул  нийгмийн хариуцлагаа хүлээн тусгайлан халаалтын нэмэлт зориулалтаар л нийлүүлэгдэх цахилгаанд, давхардуулан өртөг шингээхгүй нь тодорхой.Мөн цахилгааны өөрийн өртөг нь нэмэгдэж ирсэн 1 гол шалтгаан бол  хэрэглэгчдийнх нь хэрэглээ тогтворгүй хэлбэлзэж байдагтай нь холбоотой бөгөөд хэрэв гэр хорооллынхныг цахилгаан халаагуурт шилжүүлбэл хоногийн 24 цагийн турш маш тогтвортой хэрэглээ үүссэх тул  дээрх хэлбэлзлийг саармагжуулан ,шөнийн алдагдлыг нь нөхсөнөөр цахилгааны үнэ нэмж буурах ч боломжтой.

Ингээд л тусгай зориулалтын хямд цахилгаан танай гэрт онолын хувьд 30 хүрэхгүй төгрөгөөр ороод ирлээ … Харин хэрэгжүүлхэд учир бий. Лав л “төр бол хамгийн муу менежер”гэж тунхагладаг төрийг жолоодогч хэрэгжүүлж чадахгүй ээ. Учир нь тэрхүү төрийг жолоодогч нь сонгуульт хугацааныхаа хүрээндээ л төр юм. Өөрөө өөрийгөөө төр барих  талаараа хамгийн муу менежер гэдгийг хүлээн зөвшөөрөөд нийтэд зарлаж явдаг нэгнээс логикийн хувьд  төрийн өмчийн ашигтай ажиллагаа, хөгжлийнх нь талаар  үнэндээ юу  хүлээхэв дээ. Төр бол муу  менежер ч мөн, сайн менежер ч мөн. Дэлхийгээр дүүрэн жишээ байна. Асуудал, хүний хөгжилтэй нь холбоотой бөгөөд элдэв үзэл онолд хашигдалгүй, далайцтай сэхээрч чадсан эсэхээс л хамаардагийг түүх хэлээд өгнө. Ядаж Норвегийн сангийхнаас суралц. Ихээхэн хөрөнгөөр багаахан ажлыг чанар муутай хийдэг тэр л болмжуудыг нь хаагаад өгөхөд л  төрийн сайн менежмент шүү дээ. Сүбегтив талаасаа аливаа эрчим хүчний бүтээгдэхүүнүүдэд тавигддаг үндсэн 2 гол шаардлага байдаг.  Тэр нь хямд байх, хангалттай их хэмжээтэй байх.  Сүүлийн үед баян орнууд нүүрс шатаахаас аль болох зайлсхийх болсон 3 дах шаардлага бий боловч, энэ нь эрчим хүчний хомсдолтой, хөгжиж байгаа орнуудын хувьд ч, мөн өндөр технологийн шинэ ДЦС-ын хувьд ч хамааралгүй асуудал юм. “Хэрээ галууг  дуурайж хөлөө хөлдөөх хэрэггүй”. Улс орны эдийн засаг, эрчим хүчний бүтээгдэхүүнүүд дээрээ суурилах тул, хөгжин цэцэглэх, бууран доройтох эсэх нь дээрх 2 шаардлагыг хэр түвшинд хангаж байгаагаасаа л шалтгаална. Гэхдээ үүнийг зах зээлийнх нь зарчмаар л шийдэхээс өөр сайн арга гэж үгүй ээ. Усан ЦС, Салхин ЦС гэх мэт хамгийн хямд цахилгааны эх үүсвэрүүдийг бололцоотой байршил бүрт нь байгуулж нөөцийг нь тултал ашиглах хэрэгтэй. Өртөг нь өндөр тул гадны хөрөнгө оруулалтаар тодорхой хугацааны дараа улс мэдэлдээ авахаар зохицуулах хэрэгтэй бөгөөд бүтээгдэхүүнийх нь үнэ өндөр байх эхний жилүүдийнх нь ачааллыг урагш нь экспортлох замаар замхруулах тохироог хийж чадвал л , дотоодын жижиг зах зээлдээ боогдолгүй чөлөөтэй хөгжих боломж нь бүрдэнэ. Дээр нь ЦЭХ-ний нэмэлт төлбөрыг өөрсдөөсөө гаргаад байх ч шаардлагагүй гэсэн үг. Хуурайшилтын улмаас худаг ус ширгэж, голын ус татрах болсон өнөө үед хур бороо, үерийн усыг цуглуулан авч, голын урсацыг нэмэгдүүлэх тохиргоог хийхэд ч УЦС ууд чухал үүрэгтэй.

Ер нь 90-ээд оны эхээр яригдаж байсан УЦС-уудын ажлыг гацаагаагүй байсан бол өдийд бид утаандаа дарлуулж суухгүй л байсан нь ч гашуун үнэн юм.Эцэст нь сонирхуулхад: аливаа судалгааг  үнэн зөв гаргасан л бол, түүнийг анхааралтай уншихад л, шийдэх арга замыг нь ч  судалгаа өөрөө л хэлээд өгөх болно. Жишээ болгож УБ хотын өөрчлөгдөшгүй байгалийнх нь бодит хүчин зүйлийн судалгааг уншицгаая. “УБ хот эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн голын хөндийд байдаг учраас, ялангуяа өвлийн улиралд агаарын урсгал хөдөлгөөн харьцангуй сул байдгаас шалтгаалан, агаар дах утаа, хорт бодис, тоос тортог удаан хугацаагаар хуралдан өтгөрдөг байна. Өвлийн улиралд тус улсын нутаг, хийн мандалын тогтвортой их даралтын бүсийн нөлөөнд оршдог учир, агаарт дэгдэж буй утаа тоосоцорын, сарьнах боломжийг хаадаг.| Жилийн 300-гаад хоногт нь цэлмэг нартай өдөр тохиох тул нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр бохирдсон агаарт, фотохимийн урвал явагдаж, агаарт байгаа хорт бодис задран, шинээр хоёрдогч төрлийн хорт бодисууд үүсгэдэг”.Нэлэнхүйдээ их даралтийн нөлөөнд орших тул,уулаа нүхэллээ ч, нүүлгэлээ ч, урсаад ирэх салхи өвөлдөө л лав олдохгүй нээ.  Энэхүү байгаль цаг уурынх нь өөрчөгдөшгүй судалгаа нэг л зүйлийг тов тодорхой хэлээд байна \Энэхүү хонхорт их бага ямарч утаа гаргасан, тэр нь саринахгүй хуралдаад л байх тул та бүхэн эрт дээр үеэс эхлэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн  оюун ухаант хүмүүсийн үр сад мөн л юм бол байгальтайгаа уялдуулан огт утаа гаргадаггүй хэрэгслээр л гэрээ дулаацуулна уу\…Энэ нь Улаанбаатарчуудад цахилгаанаар халаалтаа шийдэхийг, ингэхдээ нэмэлтээр нарны коллектортой хослуулах нь дээр шүү гэдгийг байгаль эх өөрөө хэлээд байна гэсэн үг. Үүнийг эрх барих төвшиндөө ойлгоод,нэгдсэн шийдэлд хүрэх эсэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал. Магадгүй 10 жил, эсвэл 20 жилийн дараа ч юмуу,хэрэв асуудалд ухаалаг бодьтой хандвал өнөөдрөөс ч эхэлж болох шүү дээ . Нарны коллекторын тухайд бол монголд хэдийн туршигдаад нэвтэрсэн, цахилгаан халаагууртайгаа адил бүрэн автоматчилагдсан зүйл бөгөөд цахилганыг 30% хэмнэдэг.Олон янзаараа байх тул гол нь АҮК нь өвлийн улиралд 60%-аас дээш үзүүлэлттэйг нь, ШУТИС-ийн багш нарын зөвөлгөөгөөр сонголтоо хийсэн нь дээр. Мөн айлуудын нам даралтын зуухнууд, албан газруудын дунд болон том оворын уурын зуухнуудыг цахилгаан соронзон индукцын халаалтын тогоонуудаар солих нь зүйтэй бөгөөд засварлахад хялбар энгийн технологи мөртлөө эрчим хүч хэмнэх талаараа ямарч өндөр технологитой өрсөлдөж чадна.Үүний шалтгаан маш энгийн бөгөөд цахилгаан эрчим хүч нь үүсэж бий болохдоо соронзон индукцын зарчмаар үүсдэг тул, түүнийг зарцуулахдаа, үүссэн тэр л зарчмаар нь зарцуулвал энергийн алдагдал бараг гардаггүй байхнээ. 200.000 гаад мянган хэрэглэгчийн худалдан авалт, засвар үйлчилгээний зах зээл үүсэх тул хаа хаанаа бэлтгэлээ базааж хана туургаа дулаалж, түгээх сүлжээнийхэн нь техникийн хүчин чадлаа зузаатгаж авах хэрэгтэй. Дээрх 2 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрийг нь орууулаад ирэх нь зөв байх. Интэрнэтэд бол төрөл төрлөөрөө л байдаг. Гол нь шилдэг сайныг нь л сонгох нь чухал. Дээр нь бидэнд төслийн зуух тараасан туршлага бий. Нийтээрээ цахилгаан халаагуурт шилжиж чадвал хэн ч анзаарч ач холбогдол өгөхгүй байгаа 200.000 аад хүнд хамааралтай нэгэн чухал ололтыг болох болно. Энэ бол цаг хугацаа, эрх чөлөө юм. Тэдгээр өрх бүрт байх,  галлагаагаа хариуцдаг хүмүүс, халаалтын улирлын турш сурч болвсрох, хийж бүтээх, амарч тэнхрэх боломжоо хумслуулан технолгийн өндөрлөгт хүрсэн 21-р зуунд, зуухандаа уягдан модоо хагалж, нүүрсээ түлэн, үнсээ асгасаар л , угаартсаар, угаартуулсаар л амьдарч байна. Энэ нь макро эдийн засаг дах ажиллах хүчний маш их алдагдал юм. Түүгээр ч зогсохгүй эрүүл мэндийн байгууллагын судалгаанууд нь хэдийн аймшигтай мэдээгээр дүүрсэн тул уншаад байх ч шаардлагагүй болжээ.

Энэ хэний буруу ум бэ? Гамшгийн өмнө хэн иргэдээ нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, удирдан чиглүүлэх  үүрэгтэй юм бэ? Мөнгөгүй гээд, өвөл дуусч байна гээд, сонгууль дөхөж байна гээд хэдий болтол хойшлуулах  гэсэн юм бэ?  Үнэхээр мөнгөгүй байгаа бол мөнгө шаардахгүй ажлуудыг нь эхэлж хий. Бодлогоо шинээр боловсруул, хандивлагч орнуудад ханд, тэгээд буухиагаа шилжүүл.  Үүнийг хэрэгжүүлсэнээрээ бид 60%-70%-ийн агаарын бохирдлыг арилган, оронд нь 3%-ийн бохирдол үүсгэх тул дэлхийн дулаарлын эсрэг тэмцдэг баян орнуудаас дэмжлэг авах боломж ч бүрдэнэ. Эцэст нь хэлэхэд үүнийг зоригтой эхлүүлсэн, өрнүүлсэн, хийж гүйцээсэн улс төрийн хүчин, удирдагчыг дахин сонгоод зогсохгүй, шууд УЛСЫН БААТАР болгосон ч багадана. Учир нь бүхэл бүтэн үндэстэнд нүүрлэсэн гамшигийг шийдэн хотын утааг арилгах тул үүнээс буянтай үйл гэж үгүй ээ. Мөн нийгмийн хариуцлагаа ухамсралсан нийт иргэд, хэвлэл мэдээллийн нөхдөөсөө хичээнгүйлэн хүсэхэд “та  бүхэн энэхүү нийтлэлийг цааш цаашид нь түгээн тархааж, аль болох олон хүнд хүргээрэй. 

Цацсан шагай мэт саринасан хүчийг   ( гэр хорооллын 180.000 зуухнууд", уурын зуухнууд)                    

Атгасан шагай мэт нэгэн  дор хураан төвлөрүүлж   ( Багануурт баригдах ДЦС-Д )                     

Асуудал үүсгэсэн утаагаа арилгахад                                                                       

Айл өрх, хүн нэг бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй байна…            

                  

 Асуудал хөндсөн: ӨРГӨН овогт Л.ТҮМЭНБАЯР 

            

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button