Бүхнийг хүчилсэн АН-ыхан буюу З.Энхболд

Улс төрд болж буй анхаарал татсан бүхий л асуудлын эзэн холбогдогчид нь дандаа АН-ынхан байсаар ирсэн. Тэгэхээр энэ бүр явдал яах аргагүй явж явж, АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдтой холбогддог. Саяхан л тус намаас гарсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал шуугиан тарьж байсан ч намын дарга хийгээд Ерөнхийлөгчийн оновчтой хэллэг, шийдвэрээр эл асуудлыг намжааж, энэ парламентын хугацаанд дахин гарч ирэхээргүй болтол “унтрааж чадсан. Өөрөөр хэлбэл, Засгийг огцруулах асуудалд АН-ынхан л оролцохгүй гарын үсэхгүй зурахгүй бол олонх болсон тэднийг давах хүч өнөөдөх үгүй тул өөрийн намын гишүүддээ тэрбээр, “Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг зурвал ирэх сонгуулиар нэрийг нь дэвшүүлэхгүй” хэмээн хатуухан үгийг хэлснээр сэтгэл урваад байсан зарим намын нөхөд нь УИХ-ын чуулганы санал асуулга дээр Ч.Сайханбилэгийн талд саналаа өгсөн нь нууцгүй.
Тэгэхээр АН болоод З.Энхболд байхад Засгийг эргүүлж, ч бас буулгаж ч чадах хүчтэй ажээ. Энэ удаагийн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг аварсан бол өнгөрсөн удаад Н.Алтанхуягийн Засгийн газрг унагаж байсан билээ.
Тухайн үед Засгийн газрын тэргүүн бас АН-ын дарга байсан Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулахад түүгээр шалтаглан олон асуудлыг босгож ирэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас төдийгүй, намын даргын суудлаас нь унагаж чадсан хүчтэй.
Тэгэхээр З.Энхболдын хүч намдаа бол хэмжээлшгүй ажээ. Одоо бүр төрийн эрх мэдлийн хүч нь хуулиас давах хамрах хүрээгээ тэлээд байх шиг.
Учир нь сүүлийн үед улс төрийн хүрээнд гаргаж байгаа түүний шийдвэр яах аргагүй хууль зөрчөөд байна уу, бүхнийг хүчлээд байна уу гэсэн дүр зургийг харуулах болов.
Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэтэл нэг гишүүний ирц дутсан. Ирцийг яаралтай бүрдүүлж, Ерөнхий сайдын танхимыг унагах эсэхийг шийдэхээр УИХ-ын дарга З.Энхболд яаравчилж хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй асуудлыг буюу байнгын хорооны гишүүдийг сэлгэн томилох шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл УИХ-аас саналыг нь авалгүйгээр Н.Батцэрэг гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг оруулж ирсэн нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэж гишүүд үзсэн. УИХ-дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “УИХ дахь “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор явж байгаа. Энэхүү хүсэлтийг гишүүн бичгээр гаргаад бүлгийн шийдвэрээр УИХ-д тогтоолын төсөл өргөн барих ёстой. Гадаадад томилолттой байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй шүү дээ. Энэ бол гишүүний бүрэн эрх, УИХ-ын Дэгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ дахь бүлэг аливаа хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах бүрэн эрхтэй. Манай бүлгээс байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудалд завсарлага авах гэсэн боловч УИХ-ын дарга энэ саналыг хүлээж авсангүй. Энэ бол З.Энхболд дарга хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм” гэж мэдэгдээд байсан юм.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөх бол дээрх хуулиудын дагуу хүсэлтээ заавал бичгээр гарган өгөх ёстой байдаг. Гэтэл Н.Батцэрэг гишүүнийг өргөдлөө өгөөгүй байхад, эсвлээс өгсөн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн гэдгийг нотолж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Байнгын хорооны гишүүнээс татгалзаж, өөр байнгын хороонд томилох тухай надтай ярилцаагүй. Тэр үед агаарт нисч явсан учраас боломжгүй ч байсан юм. Гэхдээ надаас асуусан бол зөвшөөрөх л байсан” хэмээн байр сууриа даруухан илэрхийлсэн.
Тэгвэл дараагийн бас нэг хэт хүчилсэн асуудал Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах тухай асуудал дээр харагдлаа. Байнгын хороогоор бас л “Хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудлыг гэнэт оруулж ирсэн. Энэ асуудлаар МАН-ынхан “Завсарлага авъя” гэхэд өгөхгүй гээд, горимын санал гаргая гэхэд нь ч үгүй гээд л хүч түрээд зүтгүүлсэн. Тэгэхээр Ж.Амарсанааг огцруулахаар хуралдсан хурал нь хууль зөрчиж явагдсан бөгөөд УИХ уг үйлдлээрээ төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага гэдэг нэрээ “шороотой хутгасан”.
Тэгэхээр З.Энхболдын хүч, хүч түрсэн үйлдлүүд юутай ч дэгийн хуулиас ч давуу ажээ.
Olloo.mn