Том намуудын тохироо, жижгүүдийн "поп" тоглолт өрнөсөн чуулган байлаа

УИХ намрын чуулган өнөөдөр албан ёсоор завсарлана. Ээлжит чуулганы хугацаа өнөөдрөөр дуусгавар болсноор cap шинийн дараа буюу хоёрдугаар сарын 15-наас ээлжит бус чуулган хуралдуулж үлдсэн хуулиудыг эцэслэн хэлэлцэх аж.

 

 З.Энхболд даргын удирдсан танхимын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг хаврын чуулганы хугацаа үлдсэн байгаа. Гэвч ирэх дөрөвдүгээр сард хуралдах хаврын чуулган төдийлөн үр дүнтэй болж чадахгүй болов уу. Учир нь УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн жил учраас улстөрчид, улс төрийн намууд хууль баталж суух гэхээс илүүтэй сонгуулийн сурталчилгаандаа анхаарч, нэр дэвшихээр сонгосон тойрогтоо ажиллана. Тиймээс хэлэлцэх асуудлын дараалалд орж, хэдэн cap жилээр дарагдсан хуулийн төслүүдийг ээлжит бус чуулган зарлан хэлэлцэхээс өөр аргагүй юм.

 

Энэ намрын чуулган том ордыг тойрсон улстөржилт, сонгуулийн хуулийн маргаан, тойргийн мандатын маргаан, төсөв, мөнгөний бодлого, Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг “онилсон” хэлэлцэх асуудал сонирхолтой, хэрүүл маргаан, талцал хуваагдал, улстөржилт ихтэй байв. УИХ- ын дарга 2015 оны аравдугаар сарын 01-нд ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална.

 

Түүнчлэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийнтухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан.

 

Түүнээс гадна сонгуулийн тухай, Улстөрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна” хэмээсэн.

 

Эрүүгийн хуулиа шинэчлэв

 

Дөрөв дэх удаагийн намрын чуулганы үр дүнг тоймловол олон жил сараар гацсан том, том хуулиудыг баталсан чуулган байв. Тухайлбал, гурван жил УИХ-аар дуншсан Сонгуулийн хууль намрын чуулганаар баталсан хамгийн чухал хууль байлаа. Бүх шатны сонгууль зохион байгуулахдаа хяналтын тооллого хэрхэн хийх, нэр дэвшигч нөгөө нэр дэвшигчээ гүтгэсэн бол хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгох, намын жагсаалтаар орох нэр дэвшигч заавал иргэдээс санал авах зэргээр ахиц дэвшил гарсан олон зүйл заалт орсон ч нөгөө талдаа хоёр том намын тохирсон хууль болсон гэх шүүмжлэл байсан юм. 2016 оны төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотгол, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль багагүй таргаан мэтгэлцээн дунд батлагдлаа. Сангийн сайд шинэчлэл хийгдсэн төсөв боллоо хэмээн тодотгосон бөгөөд төсвийн үргүй зардлыг хэмнэхээр зарим яам агентлаг газруудыг нэгтгэж, татан буулгаж мөн 2016 оны наймдугаар сараас есөн яамтай байхаар төсвийг батлав.

 

Гэвч хүүхдийн мөнгө, ахмадуудын одонгийн мөнгө зэргийг хасч хэмнэлт хийхээр оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж, улмаар тодотгол хийхэд хүрсэн билээ. Эдийн засгийн шинэ тэнцвэрийг санал болгосон Төв банкны оруулж ирсэн Мөнгөний бодлого ч намрын чуулганы нэг чухал сэдэв байв. Цаашлаад Эрүүгийн болон Зөрчлийн шинэ хууль батлагдаж “шоронжсон” хэмээн тодотгож байсан Эрүүгийн хуульд өөрчлөлт шинэчлэлт авчирлаа. Нөгөө талаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай олон жилийн яриа энэ намрын чуулганы үед идэвхжиж, улмаар Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахаар болж хуулийн төслийг баталсан нь эцэг хуулийг тойрсон олон жилийн маргааныг тасалж өглөө. Ойн тухай хууль, нас барсан нөхрийнхөо эсвэл эхнэрийнхээ тэтгэврийг өөрөө насан эцэслэх хүртлээ үргэлжлүүлэн авах боломжийг бүрдүүлсэн УИХ-д мөн л хоёр жил гацсан Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан гээд ач холбогдол ихтэй чамгүй олон хууль батлагджээ.

 

Гацуурт гацаанаас гарч, Өршөөдийн хууль маргаан дагуулжээ

 

2015 оны хаврын чуулганы дараахан ээлжит бус чуулган зарлаж баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль өнгөрсөн намрын халуун сэдэв болсон. Уг хууль батлагдсаны дараа Ерөнхийлөгч авлига, албан тушаалын хэрэг өршөөх зүйл заалтад хориг тавьсан нь намуудын талдаж маргалдах шалтгаан болжээ. Улс төрийн бүх нам эвсэл ээлж дараалан завсарлага авч, авлигын хэргийг өршөөх улайрал, эцэс төгсгөлгүй улстөржилт шантааж үргэлжилсэн. Зарим улстөрчид бүр улаан цагаандаа гарч Ерөнхийлөгчийн хоригийг гуйвуулах гэж оролдсон ч эцэст нь олонхийн саналаар хориг дэмжигдэж авлига, албан тушаалын хэрэгтнуүд ялаа үргэлжлүулэн эдэлсэн юм. Харин анх удаа хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд, залуус ялаас чөлөөлөгдөж, зөрчил гаргасан олон мянган жолооч нарын зөрчлийг арилгаж чадлаа.

 

Намрын чуулганы хэрүүлийн бай болсон дараагийн хоёр асуудал нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудал. Бүтэн хоёр жилийн турш чуулганаар яригдсан уг асуудал арайхийн өчигдөр эцэслэн батлагдав.

 

Ингэснээр Гацуурт гэх том орд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдлээ. Нөгөө талаар алттай гэх сургаар “нинжа” нарын гарт орж сүйдэж байсан Ноён уулыг улсын нөөцөд бүртгэж, тусгай хамгаалалтад авав. Гацууртын ордыг тойрсон улстөржилт шат шатанд өрнөж, жагсаал тэмцэл өрнөсөн ч эцсийн бүлэгт энэ уулыг хамгаалах бус харин ч ухуулж эхлээд байсан. Бүх нам эвсэл, бие даагчид хуртэл анхаарч байсан асуудлыг улс төрөөс салгаж чадсан нь намрын чуулганы том амжилт болов. Өнгөрсөн намрын бас нэг “халуухан” сэдэв Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүулсэн явдал. Тэгвэл Засгийн газрын шийдвэрийг улстөрчид чуулган руу татаж авчран Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Огцруулах, огцрох асуудал байхгүй бол улстөрчдөд чуулган нь “амтгүй” санагддаг ч байж мэдэх. Юутай ч дүн өвлийн хүйтнээр бид засаг төрөөрөө тоглох шахлаа. Үндсэн хуулийн цэцийн гаргасан ипотекийн зээлийг зогсоох шийдвэрээс болж УИХ мөн л төлөвлөөгүй хууль хэлэлцэж хугацаа алдсан.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр шийдвэрээс шалтгаалж Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал багагүй анхаарал татсан юм. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэх Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуульд намрын чуулганы нэгэн чухал хууль байлаа. Цэцийн даргыг огцруулах, элчин сайд нарыг томилох, байнгын хороодын дарга нарыг солих гэх мэтээр олон ч томилгооны асуудлыг тэд хэлэлцжээ. Нэг талаас харахад, чуулган энэ мэтээр үр дүнтэй хуралдсан мэт харагдавч нөгөө талаас харвал олон ч хуулийн төслийг баталж чадаагүй.

 

Тухайлбал, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намуудын тухай хууль, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, удтал дуншиж буй Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн тухай зэрэг нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийг тэд баталсангүй. Эсрэгээрээ уул уурхай, том мөнгө, том эрх ашиг, улс төрийн намуудын хоорондын тохироо, авлига албан тушаалын хэрэг өршөөх гэсэн цөөхөн хэдхэн асуудлаар ээлжлэн завсарлага авч улстөржсөн.

 

Тэр тусмаа сонгууль дөхсөн гэдэг утгаараа сөрөг хүчний утга учиргүй улстөржилт, эрх баригч АН-ын шоу, бие даагч гишүүдийн популизм хэрээс хэтэрч хэлэлцэх хуулийн төслүүдээс илүүтэй гацаах, хурал хаяж гарах, завсарлага авах, бие биеэ хорон үгээр утаж оноо авах гэсэн явуургүй улстөржилт, улстөрчдийн “хошин” үйлдлийг энэ намаржин ард түмэн үнэ төлбөргүй үзэв. Нэг асуудлаар гацаалт үүсгэж завсарлага авдаг, улмаар гацаасны дараа нөгөө нэг асуудлаар тохироонд хүрэх байдлаар явсны хүчинд арайхийн хэдэн cap жилээр гацаад байсан чухал хуулиудыг баталж чадсан юм.

 

2012 оны сонголтоор бүрдсэн эрээвэр хураавар танхим хэр үр дүнтэй байж, нийгмийн хүлээлт болсон чухал хуулиудыг энэ хавар баталж чадахгүй бол хувьсгалын биш хувийн эрх ашигт хүлэгдсэн парламент гэсэн тодотгол өгөхөд буруудах зүйл алга.

 

Монголын мэдээ

Б.Өнөртогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button