Долоо хоногийн тойм

Өнгөрч буй энэ долоо хоног бол Монгол Үндэсний баяр цагаан сарын өмнөх долоо хоног юм. Иймээс хүн бүр албан ажлын хажуугаар гэр орны ажил, их цэвэрлэгээ хийгээд тун завгүй өнгөрсөн биз ээ. Энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Гурван ихэр мэндлэв
Өнгөрч буй энэ долоо хоногийн хамгийн сайхан мэдээ бол гурван ихэр хүүхэд мэндэлсэн явдал юм. Хоёрдугаар сарын 4-нд ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэлж, аав, ээж болод олон түмнийг баярлуулав. Ихрүүдийн хоёр нь охин, нэг нь хүү юм. Охид 1.8-1.9 кг жинтэй төрсөн бол хүү 2.1 кг жинтэй төржээ. Ихрүүд болоод ээжийн бие эсэн мэнд байна. Тэгвэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Шар ямаат” гэх газар өвөлжиж байгаа Н.Ганхуягийнд энэ сарын 3-ны өдөр хоёр ихэр хүү мэндэлсэн сайхан мэдээ бас байна. Малчны гэрт мэндэлсэн ихрүүдийг сумын эмч нар болоод аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид эх барьж авсан ажээ. Н.Ганхуяг, Т.Отгонжаргал нар ийнхүү гурван хүүтэй болж байгаа юм.
“Болор цом”-ын эзэн тодров
Энэ долоо хоногийн онцлох нэг үйл явдал бол “Болор цом” наадам байлаа. 33 дахь жилтэйгээ золгож буй энэ наадамд өнөө жил Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил тус наадамд дэд байрт шалгарч байсныг уншигч та санаж буй биз ээ. Харин хоёрдугаар байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар, гуравдугаар байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Уянсүх, дөрөвдүгээр байрыг “Болор цом”-ын дэд байрын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш, тавдугаар баярыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул эзэлсэн юм. Шагналт байрыг яруу найрагч Б.Баттулга хүртлээ.
Улсын малчид тодров
Энэ онд нийслэл болон 21 аймгаас 140 малчны тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмыг харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчин"-аар шалгарууллаа.
Ингэхдээ “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлсэн байна.
2015 оны намрын чуулган хаалтаа хийв
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган энэ сарын 5-нд хаагдлаа. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталлаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ.
olloo.mn