Дахин болон нөхөн сонгуулийн ялгаа юу вэ

УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Тэгвэл өнгөрсөн сард сонгуулийн санал авах өдөр мандатын тоог батадсан бөгөөд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон билээ.

Сонгуулийн тухай хуулийн танилцуулгыг тус хуулийн нэгдүгээр бүлгийн 7-10 дугаар зүйлээр үргэлжлүүлж байна.

Долдугаар зүйлд Сонгуулийн тогтолцоог тусгажээ.

Сонгууль нь хувь тэнцүүлсэн /пропорциональ/болон олонхийн /мажоритар/ гэсэн хоёр янкын тогтолцоотой байна. Хувь тэнцүүлсэн болон олонхийн сонгуулийг дангаар, эсхүл хосолсон байдлаар явуулна.Хосолсон сонгууль нь зэрэгцээ /параллель/ болон холимог гэсэн хоёр төрөлтэй байна.

Хуульд хувь тэнцүүлсэн болон олонхийн сонгуулийн тогтолцооны дагуу нэр дэвшигчдийг тусдаа жагсаалтаар нэр дэвшүүлэхийг зэрэгцээ хосолсон сонгууль гэх бөгөөд нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг нэг нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлэхийг холимог хосолсон сонгууль гэж нэрлэжээ.

Сонгуулийн тогтолцоо, түүнчлэн хувь тэнцүүлсэн тогтолцооны дагуу нэр дэвшүүлэх нэр дэвшигчдийг эрэмбэлэх журмыг зөвхөн энэ хуулиар тогтоохыг ч тусгасан байна.  

    

Харин наймдугаар зүйлд Сонгуулийн төрлийг ингэж заасан байна.

-Сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн дөрвөн төрөлтэй.Ээлжит сонгууль гэж дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийг хэлэх бол ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд тухайн сонгуулийн жил заавал явагдана гэжээ.

-Ээлжит бус сонгууль гэж ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө явагдах сонгуулийг хэлэх бөгөөд Улсын Их Хурлын бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон, Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн; орон нутгийн хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бусаар явагддаг ажээ.

-Харин дахин сонгууль Улсын Их Хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг хэлнэ.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус сонгуулийг хүчингүйд тооцсоны дараа шинээр явагдах, эсхүл хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүйн улмаас явагдах сонгуулийг хэлнэ хэмээн уг хуульд заажээ.

-Орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг хэлнэ.

-Нөхөн сонгууль гэж Улсын Их Хурлын гишүүн, орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлдэг байна.

Есдүгээр зүйлд Сонгуулийн шат дарааг тодотгосон байна

Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгууль нь  анхан шат болон хоёр дахь шат гэсэн хоёр шаттай байна.

Анхан шатны сонгууль гэж сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн төлөө саналаа нууцаар гаргаж, Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хэлнэ.

Хоёр дахь шатны сонгууль гэж анхан шатны сонгуульд оролцож саналаа гаргасан сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Улсын Их Хурал түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргахыг хэлнэ.

10 дугаар зүйлд Сонгуулийн хугацааг заажээ

Сонгуулийн хугацааг жил, сар, хоног, цаг, минутаар нь нарийн тоолох бөгөөд санал авах өдөртэй уялдуулан тоолно.Гэхдээ хугацааг тоолоход Иргэний хуульд заасан зарчмыг баримтдах гэнэ.

Ингээд сонгуулийн хуулийн нэгдүгээр бүлгийн танилцуулга дууслаа. Дараагийн өдөр уг хуулийн хоёрдугаар бүлгийн танилцуулгыг эхлүүлнэ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button