Засгийн газар, Засаг дарга хоёрын альных нь шийдвэр үйлчлэх вэ

Цагаан сарын баяр дуусаж иргэд, гандан тэгчилэн хийдийг зорьж, гарч буй жилийнхээ засал номыг хийлгэх их ажилдаа ороод байна. Харин энэ үед орон нутгуудад хурдан морьдын уралдааны тов гарч, ээлж дараалан зохион байгуулагдаж эхэллээ. Сар шинийн өмнөхөн зарим аймгийн засаг дарга нар хаврын хахир хатуу цагт хурдан морины уралдааныг өөрийн аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахгүй гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Тодруулбал Төв аймгийн засаг дарга 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр гаргасан тоот захирамждаа хаврын морин уралдааныг хоригложээ. 

Харин сар шинийн өдрүүдэд Ховд аймгийн засаг дарга мөн захирамж гаргаж хаврын морин уралдаанаас татгалзжээ. Орон нутгийн засаг захиргаа ийн хүүхэд багачуудаа бодож хаврын хахир  хатуу цагийн морин уралдаанаас татгалзаж байхад Засгийн газар энэхүү шийдвэрийг нь үгүйсгэсэн, үл тоосон нэгэн шийдвэрийг битүүний өдрийн хуралдаанаараа гаргалаа. 

Тухайлбал хоёрдугаар сарын 8-ны өдрийн Засгийн гарын хуралдаанаас хурдан морины бүсийн наадмын хуваарийг тогтоохдоо “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэлээ. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт долдугаар сарын 24-нд болно гэж заажээ.

Эндээс харахад манай эрх мэдэлтнүүд  өөр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг нь харагдаж байгаа юм. Аймаг, орон нутгийн засаг захиргааныхныхаа гаргасан шийдвэрийг Засгийн газар нь мэдээгүй юу эсвэл үл  тоосон уу ямартай ч тэнгэр газар шиг ялгаатай хоёр шийдвэр хэдхэн хоногийн зайтай гарлаа. Харин энэ бүхнийг харж суусан иргэд “Дүнжингарав” уралдаан яг хаана зохион байгуулагдах вэ хэмээн гайхаж сууна. 

Газар газрын шигшмэл хурдан хүлгүүд  тоос татуулан хурдалж, ардын сэтгэлийг баясгах нь сайхан хэдий ч хаврын цагт болсон морин уралдааны үеэр хүүхдүүд олноороо бэртэж гэмтэж, эмнэлгийн орон дээр олон өдөр, сараар хэвтдэг түүх бидэнд бишгүй бий. 

Өнгөрсөн жил гэхэд Дүнжингарав уралдааны үеэр 11 хүүхэд мориноос унаж бэртэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Тэдний зарим нь хүндээр бэртэж гэмтсэн талаар мэдээлж байлаа. Харин цагаан сарын дараа болдог энэ мэт уралдааны үеэр ганцхан сарын дотор 37 хүүхэд бэртсэнийг  албаныхан хэлж байсан юм. Харин эмч нарын хэлж буйгаар мориноос унасан хүүхдүүдийн дийлэнх нь тархиндаа хүнд гэмтэл авдаг нь ирээдүйд эрүүл мэнд, амь насанд нь ихээхэн аюул учирч байгаа аж. 

Иймээс л хавар цагийн морин уралдааныг болиулахаар сүүлийн хэдэн жил ярьж, хэлсний дүнд эхнээсээ нааштай шийдвэр гарч эхлэхэд Засгийн газар уг шийдвэрийг үгүйсгэлээ. Тэгэхээр аймгийн засаг даргын шийдвэр үйлчлэх үү, Засгийн газрын шийдвэр үйлчлэх үү гэдгийг харж суух л үлдлээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button