Засгийн газрыг хоёр үндэслэлээр шүүхэд өгөхөөр болжээ

Дэлхийн Монгол ногоон нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар дөнгөж сая мэдээлэл хийж Засгийн газрыг шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ. Х.Бээжин хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн засгийн газар хууль хэрэгжүүлдэггүй, хууль зөрчиж гадны компанид газар нутгаа худалдсаар байгаа нь ил болсоор байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт, Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав газар, Ойн сан бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа” хэмээх компанид алт олборуулахаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон,
Увс аймгийн /Увс аймаг 19 сумтай/ 14 сумын газар нутгийг хамрах хэмжээний буюу 19724.28 км2 талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид мөн хууль зөрчиж олгосон” гэлээ.
Иймээс дээрх хэрэг явдал нь Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болж чадна хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Шийдлийн Засгийн газар нь мэтчилэнгээр Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, эх орон онгон байгалиа сүйтгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг уландаа гишгиж, ард түмний итгэл сэтгэлийг умартаж, газар нутгаа дур мэдэн гадныханд худалдсаар байна.Тиймээс Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ-ынхан Шийдлийн Засгийн газрыг эх орон ард түмнээсээ урвасан хэмээн үзэж тухайн гэмт хэргийг шүүхээр нотлуулан улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан Шийдлийн Засгийн газрыг огцруулахаа мэдэгдэж байна” гэлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр шүүхэд өгөх үндэслэл нь хэр баттай эсэхийг лавлахад хууль бусаар олгосон лиценз үүнийг нотолно хэмээн мэдэгдлээ.