Иргэд цэцийн даргыг огцрохыг шаардав

УИХ-ын дарга З.Энхболд ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эргүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эргүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү Улсын Их хурлаар хэлэлцэж эхлээд байгаа юм.
Харин Ж.Амарсанаагийн хувьд “Намайг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцдэггүй юм.Намайг хууль зөрчсөн эсэхийг шүүх нотолно. Үнэхээр огцруулах, эгүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд ҮХЦ дотроо хуралдсаны дараа Улсын Дээд шүүхэд асуудлыг хэлэлцэх ёстой” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр Ж.Амарсанааг огцрохыг шаардсан хэсэг иргэд Үндсэн хуулийн цэцийн гадна жагсаал хийлээ. Харин цэцийн хамгаалалтын ажилтнууд жагсагчдыг хүчээр тараахыг оролдож талуудын хооронд багагүй маргаан дэгдсэн байна.
Энэ үеэр иргэн Ш.Жаргалсайхан “Ард түмний эсрэг хууль санаатайгаар гаргаж байна. УИХ-аар огцруулчихаад байхад би огцрохгүй гээд суугаад байдаг. Ийм болчимгүй үйл хийж болох уу. Түүнийг хуулийн сургууль төгссөн мэдлэг боловсролтой хүн бүр гайхаж байна. Өнөөдөр энд цуглаан болоогүй ч болоход тун ойрхон байна.Цэц нь ингээд байвал ард түмэн одоо хэнд нь итгэж явах юм бэ?. Тэд өнөөдөр арьсаа хамгаалаад байгаа юм уу. Уг нь өнөөдөр их хурал огцруулцна гэсэн биз дээ.Тэгсэн хирнээ эндээ байгаад л арьсаа хамгаалаад байх юм. Ер нь болохгүй бол үндсэн хуулийн цэцийг тэр чигт нь сольж болно шүү дээ. Үндсэн хуулийн цэцээ манах манаач нар нь ингээд ард түмний эсрэг хууль гаргаад байвал тэднийг гуйж байх алба байхгүй" гэлээ.