С.Бямбацогт: Олонх өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийж, эрх баригч намууд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж байж ээлжит бус чуулганыг эхлүүлэх ёстой гэлээ.
Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын ээлжит бус чуулганы ирцийг хүргэхийн тулд гишүүдийн картыг хийх, гар утасны мессежээр зөвшөөрөл авч картыг нь хийх үйлдэл гарч байна. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж буй үйлдэл. Гишүүн өөрийн биеэр ирж хуралдааны ирцэд орох ёстой. Өмнөөс нь хэн нэгэн карт хийх, мессежээр зөвшөөрөл авсан нэрийдлээр картыг нь хийдэг хууль бус үйлдлийг Монголын төр тогтоож болохгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ээлжит бус чуулганы хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэж амжихгүй гэж үзсэн. Энэ үүднээс ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэдгээ хэлж байсан" гэлээ.
Намрын чуулган дөрвөн сар үргэлжлэхдээ 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцжээ. Ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд 24 асуудал хэлэлцэхээр байгаа.
Томоохон хуулиудыг богино хугацаанд "халтуурдах" байдлаар батлах нь улс орон болон ард түмний амьдралд сөргөөр нөлөөлөх аюултай гэнэ. Эдгээр хуулийн төслийг нухацтай, олон удаа сайтар хэлэлцэж байж шийдэх ёстой. Гэвч парламентын зөвшилцөл, ойлголцлоор бус хүч түрэх байдлаар асуудлыг шийдэх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй . Тийм учраас ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа хэмээн бүлгийн дарга нь тайлбар өглөө.
"Нөгөө талаас эрх барьж байгаа нам эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх хэрэгтэй. Ирц бүрдээд ээлжит бус чуулган эхлээд явбал бид оролцоно. Өнөөдөр МАН-ын бүлгийн 26 гишүүний 22 нь байна. Золголт эсвэл гадагшаа дотогшоо явсан зүйлгүй. Эрх баригчид ачаа үүрч байгаа бол үүрсэн шиг үүрч, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх ёстой. Эрхээ эдэлдэг атлаа хариуцлага хүлээдэггүй, үүргээ биелүүлдэггүй байж таарахгүй" хэмээн С.Бямбацогт хэллээ.
Olloo.mn