Чуулганы хуралдааныг МАН, МАХН хамтран гацаав

Улсын ажил хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаас болж явахаа байлаа. Цагтаа эхэлдэггүй үргэлж сунжирч байдаг чуулганы хуралдаан товлосон цагаасаа хоцорсон ч эхэлдэг байсан. Тэгвэл өдөртөө багтаж эхлэхээ ч байв.
Угаас УИХ-ын сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрийн тогоо өөрөө “халуухан” байх нь мэдээж. Гэвч Улсын ажил юу ч боллоо гэсэн явах ёстой.
Гэвч УИХ-ын даргын захирамжлан гаргасан УИХ-ын намрын ээлжит бус чуулган товлосон цагтаа нээлтээ хийсэнгүй 24 цаг буюу бүтэн нэг хоногийг үдчихээд байна. Энэ нь УИХ дахь намын бүлгүүдийн ашиг сонирхол хийгээд санаагаа гүйцэлдүүлэх гэсэн башир аргын үр дүн болж хувирав. Хууль тогтоох нь улс орны хамгийн чухал ажил. Гэтэл тэрхүү ажлаа хэсэг бүлэг хүмүүс юман чинээ бодохгүй нам, бүлгийн эрх ашгийг эрхэмлэж байгаа нь харамсалтай.
УИХ дахь МАН-ын бүлэг элдэв асуудлаар арга саам хайн чуулганы хуралдааныг ямар нэгэн аргаар тасалдуулдаг нь тэдний гэм, бас зан нь. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд МАН-ынхан чуулганы хуралдааныг тасалбал, “та нартай, та наргүй чуулганаа хийчихнэ. Ирц хүрнэ” хэмээн даналзаж байдаг. Гэвч тэрбээр энэ удаа тэгж чадсангүй. Учир нь УИХ дахь МАХН- МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийнхэн бас ажил хаяж, шантааж хийх нь тэр. Иймээс АН-ынхан аргагүй ганцаардаж, чуулганаа эхлүүлж чадсангүй.
Уул нь МАХН-ынхан Засгийн газартай хамтарч байгаа тул ямар ч үед АН-ынхны ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан ч энэ удаа хэлсэндээ хүрсэнгүй. Сураг сонсох нь ээ, энэ нь Шадар сайдын суудалтай холбоотой гэх. Шуудхан хэлэхэд, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох тохироог хийчихвэл Шударга ёс эвслийн бүлэг чуулганы хуралдаандаа оролцох бололтой.
Харин МАН-ын бүлгийн хувьд сөрөг хүчин гэсэн нэрэндээ хэтэрхий автчихсан. Сөрөг хүчин гэж юу болохыг “дээдийн дээдээр” мэдрүүлж байгаа улс төрийн хүчин. Иймдээ ч энэ удаа ээлжит бус чуулганыг тэр чигээр нь эсэргүүцэж, хуралдах ёсгүй байсан хэмээн “аархаж байна”.
Энэ талаар МАН бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ээлжит бус чуулганы хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэж амжихгүй гэж үзсэн. Энэ үүднээс ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй. Иймээс ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа. Нөгөө талаас эрх барьж байгаа нам эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ ирц бүрдээд ээлжит бус чуулган эхлээд явбал бид оролцоно” гэсэн. Тэгэхээр МАН-ынхны хувьд хэдий эсэргүүцэж байгаа ч МАХН-ын саналыг эрх баригч нам хүлээн авч, улмаар ирц бүрдвэл чуулгандаа оролцох нь.
Гэхдээ нэг талаасааа, МАН, МАХН-тай нэгдчихсэн шантааж хийж буй дүр зураг харагдах нь гайхмаар. Үүнийг батлах шиг МАН-ын бүлгийн дарга Шадар сайдын томилгоо, Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлбэл татгалзахгүй, дэмжинэ гэдгээ ч өчигдөр илэрхийлсэн. Тэгэхээр Шадар сайдын асуудлыг л шийдчихвэл гацаад байгаа улсын ажил явж, МАХН-ынхан чуулгандаа сууснаар тэднийг дагаж, МАН-ынхан ч хуралдаа ирэх нь.
Тэгэхээр улсын ажил тэр чигээрээ суудлын тохироон дээр явж байгаа нь дэндүү харамсөлтай дүр зураг харагдана.
Уул нь элжит бус чуулганыг дан ганц УИХ-ын дарга шийддэггүй шүү дээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад олонхиор шийддэг. Энэхүү Зөвлөлд УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараас гадна байнгын хороодын дарга нар багтдаг. Гэтэл энэ дарга нар нь өөрсдөө багтаж, ээлжит бусаар хуралдахыг зөвшөөрчихөөд эцэст нь энэ тэр суудлаар шантааж хийж байгааг юу гэж ойлгох вэ.
Улсын ажил, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, хүлээгдэж буй олон асуудлуудыг шийдэх үү үгүй юу гэдэг нэн бэрх асуудал болжээ. Дараагийн парламентад л ийм сөрөг хүчин, ийм хамтагч, ийм улс орны ажлыг уягчдаар эх орноо удирдуулдаггүй юм шүү.
olloo.mn