Ноён уулыг хамгаалагчид Ерөнхий сайдаас мөнгө авсан уу?

Уул уурхайн салбарын эрчтэй хөгжлийг дагаж, байгаль хамгаалах үйл ажиллагаа өндрөө авдаг нь бараг л жам аж.
Энэ жишгээр сүүлийн арваад жилд Монголын эдийн засапг уул уурхай голлох нөлөөтэй болсныг дагалдан байгаль, уул усаа хамгаалагчид, орон нутгийн иргэдийн дуу хоолой хүчтэй, нөлөөтэй болсон юм. Уг уул уурхайнхны ашиглалт явуулсан талбайг нөхөн сэргээж, байгалийн унаган төрх, экологийн орчныг нь дахин бүрдүүлэх, эргээн сэргээхээр ажиллаж байгаа жинхэнэ мэргэжилтнүүдийг байгаль хамгаалагчид гэж хэлэх ёстой байх.
Харин Монголд уул уурхайн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэгч нөхдийг байгаль хамгаалагчид, эх орончид гэх ойлгож заншжээ.
Энэ ойлголтоос үүдээд тэдгээр эх орончды цаг ямагт “хөрөнгө оруулагчдыг шантаажлан ашиг олдог” гэх хардлага юм.
Сүүлийн өдрүүдэд буюу энэ сарын 4-нд УИХ-аас Гацууртын ордыг ашиглах, хувь эзэмшихтэй холбоотой тогтоол батлагдсанаас хойш үйл ажиллагаа эрчимжүүлсэн Ноён уулын аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидыг Ерөнхий сайдаас 70 сая төгрөг авсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд өчигдөр гарчээ. Ийм мэдээллийг байршуулсан Төмөрхүү Сайнцог нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн бололтой. Өөрөөр хэлбэл, Гацууртын алтны орд бүхий Ноён уул оршдог уугуул сумын иргэн гэсэн үг юм. Нутгийн хүн атлаа Ноён уулаа аврах хөдөлгөөнийхнийг шийдвэр гаргагчдаас, тодруулбал, Ерөнхий сайдаас, мөн сумын Засаг даргаас “хахууль” авсан мэтээр мэдээлсэн нь чухам ямар зорилготой юм бол?
Шийдлийн Засгийн газрын тэргүүний хувьд Гацууртын ордыг ашиглах, эргэлтэд оруулах бодлого баримталж ажилласаар УИХ-аас шийдвэр гаргуулж чадсан. Харин энэхүү бодлогыг нь эсэргүүцэгч иргэний хөдөлгөөнийхний дуу хоолойг хаах гэсэндээ хахууль өгсөн байж болох уу? Энэ асуултад хариулт авахаар эх сурвалжуудаас тодрууллаа.
“Ноён уулаа аврах хөдөлгөөн"-ий тэргүүн О.Цэрэннадмидаас энэ талаар асуухад:
-Би дээрх мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаад хандаад баЙна. Ер нь бидний үйл ажиллагаа
хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг УМБГ-ын холбогдох алба, хэлтэс харж, хянаж байдаг юм. Бидний хувьд тэгж бусдаас мөнгө төгрөг авдаг зүйл байхгүй.
Наад худал мэдээллийг гаргаж байгаа хүмүүсийн ард Мандал сумын Засаг дарга Нямдаваа /МАН/ байгаа гэж харж байна. Ер нь яагаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг онилох болов. Сумын Засаг дарга нь МАН-ын хүн гэдэг утгаараа ИТХ- ын дарга Ардчилсан намын Эрдэнэхүү нар хоорондоо таарамж муутай учраас энэ мөнгө төгрөгний асуудлыг Ч.Сайханбилэг рүү чиглүүлж, муухай харагдуулахыг хичээсэн гэж бодож байна гэв.
Харин энэ талаар Засгийн газрын зүгээс тодруулахыг хусэхэд албаны эх сурвалж “тийм зуйл огт болоогүй” гэх хариу өглөө.

Р.Саруул