Хайнаа хагалсан хэдхэн цагийн ээлжит бус чуулган

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон парламент сүүлийн намрын чуулганаа өндөрлүүлж, сүүлчийн хаврын чуулганаа угтах үлдсэн. Гэвч УИХ-ын хувьд хийж, шийдвэрлэх ажил олон байгаа учраас УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг зарласан байв. Тов нь өнгөрөгч долоо хоногийн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд тодорсон ч энэ хуралдаан товлосон цаг, тогтсон хугацаандаа болоогүй. Парламент дахь сөрөг хүчин эрх баригчдыг ирцээ бүрдүүл хэмээн шахаж байсан бол АН- ын зүгээс МАН ажил гацаалаа гэх асуудлыг хөндөж байлаа. Мэдээж аль ч талаас нь харсан энэ бол ирц бүрдэхгүй байгаа мэт боловч цаад утгаараа Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулах болон МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох гэсэн далд “барьцаа” байв.           

       

Тиймдээ ч долоо хоногийн эхнээс л АТГ-аас Засгийн газарт Н.Энхбаярыг шадар сайдад тэнцэхгүй гэсэн бичиг ирүүлсэн, ирүүлээгүй гэх маргаан явсаар ажлын сүүлийн өдөр буюу баасан гарагт нийтэд ил болсон юм. Мөн хоёр ч удаа ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хойшилсон УИХ- ын ээлжит бус чуулганы хуралдаан баасан гарагт болж, үдээс өмнө Хүүхэд хамгааллын тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсч, сонссон ч гэж дээ, дээрх хуулийг үтэр түргэн хэрэгжүүлэх шатанд нь хүргэхээр яарсан УИХ-ын дарга З.Энхболдын алх минут тутамд тасхийсээр мөн ч олон хуулийн ард гарсан юм.

Ингээд үдээс хойш нь хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Үргэлжлүүлнэ гэдэг нь уг асуудлыг УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы сүүлчээр хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг гурав хоногийн нэмэлт завсарлага авсан тул эцэслэн шийдвэрлэж амжаагүйгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон юм. Тэгэхээр дээрх асуудлуудыг ээлжит бус чуулганы “барьцаа” гэж нэрлэхээс аргагүй.

Юутай ч хэдэн өдөр хүлээлгэж ганц өдрийн хагас хуралдсан ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татах нь хамгийн чухал асуудал байжээ гэдгийг энэ өдөр гишүүд өөрсдөө харууллаа. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд “Ээлжит бус чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг унших ёстой. Хэрэв ирц бүрдсэн бол дээрх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Хэрвээ ээлжит бус чуулганыг нээж чадахгүй боп эдгээр хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болоод байна. Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль гээд маш олон дэвшилттэй хуулийг гаргах гэхээр МАН, МАХН-ын гишүүд хуралдаа оролцохгүй байна” хэмээн гомдоллож байсан. Гэвч яг ээлжит бусын үеэр яаравчлан байж зарим

эцсийн найруулгуудаа уншаад, Цэцийн даргын суудлыг хэлэлцэв. Харин тэдгээрийн дараа мэдээж шуудхан л ээлжит бусаа хааж онигоонд орохгүйн тулд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж, “цаг нөхцөөж” байв.

Спикерийн буруу тооцоо

Ээлжит бус чуулганы хуралдаанд “Шударга ёс эвсэл’’-ийн бүлэг тэр дундаа МАХН-ынхан ач холбогдол өгөхгүй, гэдийсээр байсан нь УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Шадар сайд болгох тухай далд хэлэлцээр, амлалтдаа хүрэхгүй унжсантай холбоотой. Үүнийгээ Засгийн газар "АТГ-с Шадар сайдын албанд тохирох эсэхийг лавласан ч хариу нь ирээгүй" гэх шалтгаанаар хойшлуулж байсан ч цаад утгаараа бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Н.Энхбаярыг албан тушаалд томилохыг хэзээ ч зөвшөөрөхгүйтэй холбоотой байв. Гэвч үүнийг үл тоон cap шинээс өмнө АН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн суудпыг Шадар сайдын суудалтай “тулж” тохироо хийсэн учраас л МАХН-ынхан ээлжит бусын ирц бүрдэх асуудлыг гацаасаар байсан хэрэг.

Харин АТГ-аас Н.Энхбаяр чинь Шадар сайдын суудалд тохирохгүй нөхөр гэдгийг мэдэгдсэн даруйд АН-ынхан хийгээд зарим улстөрч “УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд энэ асуудлыг тооцолгүй, зөвхөн Ерөнхий сайдын суудлын төлөө ам алдсан нь дараагийн нүүдлээ бодоогүй алхам” гэх үгийг дайхад хүргэсэн. Тиймдээ ч З.Энхболд дарга зарласан ээлжит бус чуулганыхаа хугацааг дахин хойшлуулж, пүрэв гарагт буюу 18-ны өдөр хэмээсэн.

Харамсалтай нь тухайн өдөр ч мөн л ирц нь хүрэхгүй гацаа үргэлжилсэн. Эцэст нь АТГ-аас наад нөхөр чинь Шадар сайд болох боломжгүй гэдэг бичиг нийтэд ил болсон баасан гарагт З.Энхболд дарга ч тэднээс “арьсаа хамгаалах" аргатай болж, МАХН- ынхан яалт ч үгүй чуулганы хуралдаанд оролцсон хэрэг. Уг нь Зи арай холыг харсан бол Ерөнхий сайдын суудлыг Н.Энхбаярыг албан тушаалд томилох асуудлаар тохироо хийхгүй байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа нь оргүй үг биш бололтой.

Сөрөг хүчин сөрөөд ч, сөргөөд ч нэмэр гарсангүй

Мэдээж энэ хугацаанд MAH, МАХН хоёр эвлэлдэн, нэгдэх асуудал ч яригдаж, тэр ч байтугай “Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэх” тухай харилцан бичиг шидэлцсэн нь “Бид дахин нэгдэхээр боллоо" гэснээ зарлаж байгаатай агаар нэг сонсогдов. Юутай ч МАН-ын хувьд ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа шалтгаанаа эхлээд ирцтэй холбон тайлбарлаж байсан бол баасан гарагт асуудал нэгэнт өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр хөдөлж эхэлсэн тулд дахиад л “УИХ-аар Үндсэн хууль зөрчсөн шийдэрийг авч хэлэлцэж байхад бид оролцохгүй” гэдгээ мэдэгдсэн.

Яах вэ, МАН-ынхны хувьд хуулиа дагасан байдалтайгаар олонд таалагдах арга хэмжээ авч буй нь л энэ бололтой юм уу даа. Г эвч цаад утгаараа Н.Энхбаярыг Шадар сайд болгохыг дэмжинэ хэмээн зарласан нь эргэн нэгдэхэд ойрхон буйгаа илэрхийлсэн явдал байлаа. Үндсэндээ сөрөг хүчний суудалд сууж, хүчин мөхстөж үзээгүй МАН болон МАХН-ын хувьд энэ удаагийн парламент нэлээд хатуухан байсан бололтой. Тиймээс эргэн нэгдэж, эргээд “дархан эрхээ" олж авахын тулд дараагийн тактикаа боловсруулахаар болж байгаа аж. Харин ээлжит бусын үеэр “ажил хаялт" зарласан нь ердөө олон таалагдах гэсэн муйхар арга гэдгийг ард нийт хэдийнэ мэддэг болчихжээ.

Угтаа бол өнгөрөгч долоо хоногийн эхээр ээлжит бусдаа орохгүй гүрийгээд байсан МАН-ынхан эцэстээ МАХН-д итгэл үзүүлсэн юм. Учир нь МАН-ынхан чуулганд орох л юм бол нээлтээ хийгээд Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татчих гээд байсан хэрэг. Тиймээс МАХН-ынхантай тохирч, аль аль нь төрийн ажил гацаасан нэр зүүхгүйн тулд МАН гүрийснээрээ үлдэж, МАХН чуулганд оронгуутаа Цэцийн асуудлыг хэлэлцэх үед завсарлага авахаар тохирсон байв. Харамсалтай нь дээрх асуудлын үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ горимын санал гаргах гэсэн боловч УИХ-ын дарга шууд санал хураалт явуулснаар асуудал эцэслэгдсэн. Товчоор бол MAH, МАХН зорьсондоо хүрч чадсангүй.

Дагалдан дуурайхын завсар

Улс төрд AH, MAH, МАХН гэх мэт томоохон тоглогчид хүчээ үзэхийн зэрэгцээ тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж буй ч салхины аясаар хөдлөх хүчнүүд ч бий. Тэдгээр нь одоогийн парламентад бий ИЗНН болон МҮАН. Тэдэнтэй мөр зэрэгцэн бие даагчид ч урсгалаараа яваа. Мэдээж дээрх нөхөд байр суурь буюу кноп дарах эрхээ албан тушаал, ашиг сонирхолын үнэт зүйлсээрээ худалддаг нь нууц биш болсон.

Тиймээс ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун гадаад томилолттой хэмээн эзгүй байсан ч ганц дайчин ганцаардахгүй гэгчээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өдөр бүр “би л дутах вий” гэсэн шиг Төрийн ордонд эргэлдэж байв. Харин МҮАН-ын хувьд яавал ч яана гэчихсэн “модоо атгасан” хэвээр явсан. Учир нь хэтээсээ АН-ын угшилтай болохоор МҮАН- ын дарга М.Энхсайхан АН-ынхантай тохирох амархан. Тиймээс парламент дахь намын гишүүд нь даргынх нь хуруу хэрхэн дохихоос шалтгаалж кноп дарах эрх нь үүсэхээр мөн л хүлээлтийн байдалтай байсныг дурдах хэрэгтэй болов уу.

Харин АН-ынханд тийм ч чухалд тооцогдохоо байсан бие даагчдын хувьд ёстой л “лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаагүй” гэсэн аястай тууж явав. Угаасаа С.Ганбаатар нь ХҮН-ын тэргүүн болоод “дашийн шог" болчихсон тедийгүй үлдсэн гишүүд' болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хэзээнээсээ МАН-ын угшилтай гэдгээ Ерөнхий сайдын суудлыг ганхаж байх үеэр бататгаж, эсрэг кноп дарсан.

Үүнийг нь ах намынхан олзуурхан “манайд ирвэл суудал өгч болох юм” гэсэн байдлаар хүлээн авсан учраас мань хоёр гишүүн энэ удаагийн асуудалд хөндлөнгөөс харсаар хоцорсон.

Одоо бол ирэх дөрөвдүгээр сарын дунд хүрч УИХ-ын Хаврын чуулган эхэлтэл улстөрчид дараагийн парламентад үлдэх нүхээ малтан, нөөцөө хийхээр зүтгэж, хороо хутган найруулна. Энэ хугацаанд өнөөгийн парламентад суудалтай намууд үлдсэн бүхий л тохироогоо хийх биз.

Харин өнгөрсөн удаагийнх шиг намууд хоорондоо аман гэрээ хийж, амлалт өгч болохгүй юм байна гэдгийг сая УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд ихэд ойлгуулсан тул бичиг цаасаар баримт үйлдэн баахан гүйлдэх болж байх шиг. УИХ-ын ээлжит бус чуулган сүртэй зартай эхэлж, даржин байдалтайгаар өндөрлөсөн нь хаврын улс төр хаашаа эргэхийг харуулах бололтой.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button