Дуучин Нара Баянгол дүүргээс бие даан нэр дэвшинэ

Ард иргэдийн намд итгэх итгэл жил жилээр буурч байгаа. Тиймээс ч сүүлийн үед бие даагчдын нэр хүнд өсөх хандлагатай болж ирсэн. Учир нь иргэд намаас илүүтэй хүнийг нь харж сонголтоо хийдэг болоод байгаа юм. Харин иргэдийн энэхүү сэтгэлзүй дээр тоглолт хийж буй овжин нөхөдүүд олширч байна. Өдөр бүр л хэн нэгэн нь сонгуульд бие даар нэр дэвших болсноо зарлах боллоо.
Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Аварга А.Сүхбат, дуучин Нара нар бие даан нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн нь олны ярианы сэдэв байлаа. Дуучин Нарагийн хувьд уран бүтээл хийж гавьдаггүй ч гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа олны танил болоод амжсан нэгэн. Тэрбээр сүүлийн үед улс төрчдийн гаргаж буй шийдвэрт нэлээд шүүмжлэлтэй хандаж, энэ тухайгаа фэйсбүүкийн найзуудтайгаа илэн далангүй хуваалцдаг болсон. Өнгөрсөн жилийн наадмаар гаднаас өндөр үнэтэй дуучин авч ирж дуулуулах тухай яриа гарахад хамгийн түрүүнд наадмын нээлтэд үнэгүй дуулаад өгье хэмээн сэтгэгдлээ бичсэн нь олон хүнд таалагдсан юм.
Тэгвэл энэ удаад тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн нь олон нийтийг талцуулаад байна. Гэхдээ иргэдийн дийлэнх нь түүнийг нэр дэвшвэл дэмжихээ илэрхийлж байна. Тэрбээр Баянгол дүүрэгт нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн тул С.Эрдэнэ, С.Одонтуяа нартай өрсөлдөж таарах юм. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нара хоёрыг харьцуулан дүгнэсэн иргэд олон байлаа. Ихэнх иргэд Нараг улстөрд ороход гэмгүй, нүгэл багатай хэмээжээ.
Энэ янзаар ирэх сонгуульд С.Эрдэнэ, С.Одонтуяа зэрэг АН-ын томчууд болоод МАН-ын Л. Амгалан зэрэг хүмүүстэй Баянгол дүүрэгт эн тэнцүү өрсөлдөх шинжтэй байна.