Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2016.02.22/ хуралдлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс багтжээ.
2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох юм. Тухайлбал, 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, 05 дугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 06 дугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зохион байгуулагдана. Харин 07 дугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.