З.Баянсэлэнгэ: Түрээсийн орон сууцанд 35 хүртэлх залуу гэр бүлүүд хамрагдах боломжтой

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Учир нь Барилга хот байгуулалтын яамнаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тушаалаар “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан байна. Энэ талаар өнөөдөр БХБ-ынсайд З.Баянсэлэнгээс тодрууллаа.

-Түрээсийн орон сууцанд иргэдийг хамржуулах журам батлагдсан байна. Энэ талаар танилцуулна уу?

-Энэ хөтөлбөрийг нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэхээр болж баталсан. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Эхний ээлжид Төрийн орон сууцны захиалгаар Төрийн өмчөөр баригдсан 929 орон сууцыг хөтөлбөрт хамруулна. Гэхдээ энэ хөтөлбөр нь цааш тасралтгүй үргэлжлэх хөтөлбөр. Тэгэхээр яваандаа хувийн хэвшлийнхний барьсан орон сууцууд ч хамрагдах боломжт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гол нь энэ хөтөлбөр байнга хэрэгжих ёстой.

-Түрээсийн төлбөр зах зээлээс хямд байна гэдгийг Засгийн газраас мэдэгдэж байсан. Яг хэдэн төгрөгөөр тогтоосон бол?

– Засгийн газрын тогтоолоор  түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.

Тэгвэл журамд, түрээсийн орон сууцны метр квадратын үнэ хөдөө орон нутагт дөрвөн мянган төгрөг, нийслэлд таван мянга 500 төгрөг байхаар тооцсон. Тэгэхээр зах зээлийн үнээс харьцангуй хямд байгаа.

-Түрээсийн төлбөрийг яаж авах вэ. Угаас өнөө үед иргэд голдуу сар сард нь төлөөд явах сонирхолтой байдаг?

-Түрээсийн  төлбөрийг сар сард нь авна. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад болзошгүй эрсдлээс сэргийлж, иргэдээс гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг авна.

-Мэдээж, энэ хөтөлбөрийг зөвхөн Улаанбаатарт гэлтгүй орон нутагт ч гэсэн хэрэгжээсэй хэмээн хүсэж байгаа иргэн олон байгаа. Тэгэхээр орон нутагт яг хаана хаанахэрэгжих вэ?

-Эхний ээлжид Улсын хэмжээнд найман аймаг суманд хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц гэдэг нь “Буянт-Ухаа 2” хороололд хэхэгжинэ гэсэн үг.

Харин орон нутгаас Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Мандал, Хэнтий аймгийн Бор-Өндөр гэсэн найман байршилд баригдсан 579 орон сууц хамрагдана. Учир нь орон нутгуудад 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд төрийн өмчөөр баригдсан барилгуудад түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжинэ.

Ингэхдээ Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг ТОСК хариуцна. ТОСК иргэдтэйгээ гэрээ багуулаад түрээслүүлэх ажлыг хийнэ. Харин орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна. Хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллана.

\

– Тэгэхээр “Түрээсийн орон сууц хөтөлбөр” яг хэзээнээс хэрэгжих вэ?

-Үүнийг Төрийн орон сууцны корпорациас шийднэ. Учир нь ТОСК иргэдтэй гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх учир тэндээс журмаа боловсруулаад хэзээнээс иргэдийн материалыг хүлээн авах вэ гэдгийг шийдэх юм.

-Түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдэд тавих гол шалгуур нь юу вэ?

– Энэ хөтөлбөрт ямар иргэд хамрагдах вэ гэхээр, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны гэр бүл хүмүүс, Төрийн албан хаагч, хувийн  байгууллагын  ажиллагсад  болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, хөгжлийн  бэрхшээлтэй  иргэд,  тэдгээрийг халамжилдаг гэр бүл, байгалийн  гамшиг,  гэнэтийн  аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх хамрагдана.

Гэхдээ эдгээр иргэдэд шалгуур тавина. Ямар шалгуур тавих вэ гэхээр, эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн, тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг, тогтмол  орлоготой  байх,  орлого  нь  түрээсийн  барьцаа, түрээсийн  төлбөр  болон  сууцны  ашиглалтын  зардлаа  төлөх боломжтой, гэр  хороололд  амьдардаг,  үндсэн  өмчлөгчийн  хувиар өөрийн  өмчлөлийн  инженерийн  бүрэн  хангамжтай  орон сууцгүй байх гэсэн шаардлагыг хангаж байх ёстой.

Харин тухайн түрээслэх гэж буй байр нь барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан, хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдэд  хүртээмжтэй  орчинг бүрдүүлсэн, инженерийн  иж  бүрэн  хангамжтай,  зочны,  унтлагын,  гал тогоо,  ариун  цэврийн  өрөө  бүхий  30-50  м2  хүртэлх талбайтай байх ёстой.

-Тэгэхээр иргэд тэрхүү түрээсэлж буй байраа өөрийн өмчлөлдөө шилжүүлэх боломжтой юу?

-Боломжтой. Энэ нь ипотекийн зээлийнхээ журмын дагуу л явагдана. Байраа урт хугацаанд түрээслэн амьдарсан иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлсөн бол банкны зээлд хамрагдан орон сууцаа өмчлөх эрхтэй болно.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button