Малчдын өвөлжөөг үл хөдлөх хөрөнгөд тооцно

Нүүдлийн аж ахуй эрхэлж буй малчдын хувьд үл хөдлөх хөрөнгө эзэмших боломж хомс байдаг. Иймээс тэднийг хөрөнгөжүүлэх, эзэмшилд буй малын бэлчээр, газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулахаар малчдын өвөлжөөний газрыг үл хөдлөх хөрөнгөд тооцох бүртгэлийн ажлыг Барилга хот байгуулалтын яамнаас орон даяар эхлүүлжээ.

Өвөлжөө, хаваржааг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд оруулахын тулд эхлээд кадастржуулан баталгаажуулж, хаяг дугаар олгохоор болжээ. Мөн малчдын өвөлжөө, хаваржааг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханштай дүйцүүлэн, үнэлэх  хэрэгцээ тулгарчээ.

Улсын хэмжээнд 145.2 мянган малчин мал маллаж амьдардаг гэсэн  судалгаа бий. Нийт малчин өрхийн 118 мянган нь өвөлжөө, хаваржаагаа албан ёсоор бүртгэлжүүлсэн байх юм. Уг нь малчид өөрийн өмч болсон өвөлжөө, хаваржаагаа бүртгэлжүүлж, тухайн газартаа үл хөдлөх хөрөнгөд тооцогдох барилга объектыг баривал малчдын өвөлжөө, хаваржааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэхийг Барилга хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Хамгийн гол нь малчид өвөлжөө гээд ганц модон хашаа байлгахаас илүүтэй өөрсдөө байгалийн нөөцөө ашиглан мод, чулуу зэргээр өвөлжөөндөө обьъёкт барьж, босгох шаардлагатай аж. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button