Долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Өвлийн олимпийн аварга эх орондоо ирлээ
.jpg)
Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпоос алтан медаль хүртэж Монгол түмнээ баярлуулсан Б.Сумъяа эх орондоо ирлээ. Түүний гаргасан амжилт нь хэзээ ч бүтэшгүй мэт байсан Өвлийн спортын төрлөөс Монгол хүн амжилт үзүүлж болдогыг харуулсан бахдам амжилт билээ. Б.Сумьяа өнөө өглөө дасгалжуулагч багш Д.Энхбаярын хамт өнөө өглөө эх орондоо ирсэн байна. Монгол Улс түүхэндэх Өвлийн олимпийн анхны аваргаа Монголын тэшүүрийн холбоо болон аав ээж, ах дүүс нь угтан авахаар очсон байна.
Улсын төсвийг дөрөв дахин нугалсан хөрөнгө ил болсныг зарлалаа
.jpg)
Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байна.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394татварынтайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. (давхардсан тоогоор)Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрсөн гэж Сангийн сайд мэдээллээ.
Баруун аймгууд руу том онгоцоор нислэг үйлдэнэ

Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон.
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Баруун аймгууд руу жижиг онгоц л нислэг хийдэг, нислэгийн хугацаа 3 цаг гаруй үргэлжилдэг. Цаг зав, хөрөнгө зарж газраар явж буй иргэддээ агаарын тээврээр зорчих боломж олгох шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-ийн эхэнд хэллээ. Тус уулзалтад Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваа, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир нар оролцсон юм.
Орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой хослон хэрэглэвэл солибол нислэгийн хугацааг багасгах боломж байгаа. Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа тэнд буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой гэсэн судалгаа байна гэдгийг Ерөнхий сайд хэлээд хоёр даргыг энэ чиглэлээр санаачилгатай ажиллаж, Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.
Энэ нь аялал жуулчлал хөгжихөд тустай. Тухайлбал, Хонконг-Улаанбаатар-Ховд, Берлин-Улаанбаатар-Баян-Өлгий гэсэн нэг чиглэлтэй, нэг агаарын компанийн тасалбартай болсон тохиолдолд гадаадын аялагч, жуулчид, уулчдад маш их ач холбогдолтой. Мөн ОХУ, БНХАУ-ын хөрш залгаа хотуудыг Улаанбаатартай холбох, транзит нислэгүүд зохион байгуулахад санаачилгатай ажиллах шаардлага байна. Ингэхдээ МИАТ компани дангаараа биш хувийн компаниудыг оролцуулан, харилцан ашигтай ажиллах зарчмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг агаарын тээврийн салбарт хийх бүрэн боломж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталлаа
.jpg)
“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн чанар, ашиг шимийг дээшлүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталлаа.Мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөтгөх, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн сүлжээгээр хөгжүүлэхэд чиглэсэн технологи нэвтрүүлэх шаардлагатай байна. Засгийн газраас үүнд шаардлагатай санхүүжилтийг гарган, арилжааны банкаар дамжуулан тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн болох малчдын үйлдвэрлэлийг дэмжих 10 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулсан байна.Дэд хөтөлбөрт зээл авах малчдын шалгуур болон оролцогч банкуудын шалгууруудыг тодорхой тусгаж өгчээ.Жилийн 10 хувийн хүүтэй зээлийг малаа эрүүлжүүлэхэд шаардлагатай эм тарилга туулгалт, угаалгын бодис авах, хадлан тэжээл бэлтгэх, бага оврын трактор, тоног төхөөрөмж авах, малын чанар, үүлдэр сайжруулах, сайн чанарын үржлийн мал авах зэргээр технологи сайжруулахад зарцуулахаар хөтөлбөрт тусгажээ.
“Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа
Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа. Мөн тус газрын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоон, үйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг 2016 оны төсвийн багцаас хуваарилах, цаашид зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.