Түрээсийн сууцанд орох иргэдийн материалыг маргаашнаас авч эхэлнэ

Нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулж, ТОСК-ийн захиалгаар баригдсан 929 орон сууцыг хөтөлбөрт хамруулна. Гэхдээ энэ хөтөлбөр нь үргэлжид үргэлжилнэ. Эхний удаа төрийн төрийн санхүүжилтээр барьсан орон сууцуудыг хамруулах бол цаашлаад хувийн хэвшлийнхний барьсан орон сууцууд ч хамрагдах боломжтой гэдгиг салбар яамнаас нь мэдэгдсэн билээ.

Гэхдээ Түрээсийн орон сууц хөтөлбөр яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэдгийг Төрийн орон сууцны корпорациас шийдэх юм.  Учир нь ТОСК иргэдтэй гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

Тэгвэл ТОСК-аас, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг ирэх гуравдугаар сарын нэгнээс буюу маргаашнаас авч эхлэх ажээ.

Засгийн газрын тогтоолоор  түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.Тэгвэл журамд, түрээсийн орон сууцны метр квадратын үнэ хөдөө орон нутагт 4,000, нийслэлд 5,500 төгрөг байхаар тооцсон юм. Тэрхүү байр нь төрийн  санхүүжилтээр баригдсан 30-50 мкв хүртэл хэмжээтэй байх ёстой. Иймээс иргэд эхний ээлжид Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц  буюу Буянт-Ухаа 2 хороололд, орон нутагт Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Мандал, Хэнтий аймгийн Бор-Өндөр гэсэн найман байршилд баригдсан нийт 579 орон сууцаас сонголтоо хийнэ.

Түрээсийн  төлбөрийг сар сард нь авах ч гэлээ болзошгүй эрсдлээс сэргийлж, иргэдээс 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг авна гэдгийг албаныхан мэдэгдсэн юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button