Сүүлийн дөрвөн сар эзэнгүй байсан эрүүлмэндийн салбар элгээрээ хэвтэх нь

Эрүүл мэнд, спортын салбар хэзээ эзэнтэй болох вэ гэдэг нэн бүрхэг асуудал болоод байна. Эрүүл мэнд,  спортын сайд Г.Шийлэгдамба Авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаад оны өмнөхөн батлан даалтад гарснаас хойш асуудал намжих шиг болов. Тэрбээр батлан даалтад гарсныхаа дараахантай сайдын албаа  үргэлжлүүлэн хашиж болох тухай  мэдээлж байсан ч асуудал өдгөө ч шийдэгдээгүй байна. 

Одоогоор Эрүүл мэнд спортын яамыг Шадар сайд Ц.Оюунбаатар толгойлж буй. Харин түүнд эрүүл мэндийн салбарын асуудалд санаа тавихаас илүүтэй Шадар сайдын хувиар хийх ажил мундахгүй их бий. Энэ жил цас ихтэй ихэнх аймаг сумд зудад нэрвэгдэж, өвөлжилт хүндрээд байгаа тул   өөрийн хариуцдаг  ажлаасаа өндийх завгүй яваа. 

Уг нь МАХН-аас Г.Шийлэгдамбын оронд Л.Жамбалжавыг Эрүүл, мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч түүнийг Ерөнхий сайд уг суудалд тэнцүүлсэнгүй.  Үүнийгээ ч албан ёсоор намын нөхдөд нь бичгээр мэдэгдэж түүндээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

Үүнээс хойш уг асуудал бүр ч нам гүм болсон гэж болно. Харин энэ хооронд улс орны хамгийн чухал салбар болох Эрүүлмэндийн салбар сүүлийн дөрвөн сар эзэнгүй байлаа. 

Эрүүл мэндийн салбар сайдгүй болсноос тэр үү, хот хөдөөгүй энэ салбарын доголдол ил цагаандаа гарч эхэллээ. Зарим орон нутагт эм, тарианы сарын хангамж нь ирээгүй гэдэг шалтгаанаар зарим өвчтөнүүдийнхээ  дусал тариаг залгуулж чадахгүй, өвчтөнүүд нь гэрээр эсвэл төлбөртэй хувийн эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрч байна.

Гэтэл салбар нь бүхэлдээ эзэнгүй байсаар. Улс төр дахь сайдын суудлын наймаа мухардалд орж удсаар байвал энэ салбарын дампуурал дээд цэгтээ хүрэх шинжтэй. Иймээс Эрүүл мэнд спортын салбараа ажлаа мэддэг хүнээр удирдуулж, сайдын суудлаа түргэхэн шиг эзэнтэй болгоосой хэмээн ард түмэн хүлээж сууна. 

2012 оны сонгуулийн үр дүнгээр АН “Шударга ёс  эвсэл”-тэй хамтарсан засаг байгуулаад л Эрүүл мэндийн салбарыг МАХН-д хувиарласан. Энэ үеэс л асуудал үүсэж, ард  түмний эрүүл энхийн манаанд зогсдог энэ чухал салбар элгээрээ хэвтэх болсон  хэмээн үзэх хүн цөөнгүй байдаг юм.

Н.Удвалыг сайд хийж байх үед  эрүүл мэндийн салбарт эмх замбараагүй байдал газар авч, халаа сэлгээ, хууль бус томилгооны асуудал ч багагүй гарч, эмч ажилчид өвчтөнүүдээ хаян эсэргүүцлийн жагсаал хүртэл хийж байсан билээ. 

Өдгөө хээл хахуулийн хэрэгт холбогдсон  Г.Шийлэгдамбын тухайд  өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүн амын эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал салбарыг толгойлсон хэрнээ нүдэнд үзэгдэж, гарт баригдах нэг ч дорвитой ажил хийсэнгүй. Арга ч үгүй биз салбарынхаа талаар А ч мэдэхгүй Г.Шийлэгдамба эцэстээ авлига, хээл хахуулын хэргээр хоригдоход хүрэв. Н.Энхбаяр дарга та хэдий болтол энэ чухал салбарт улс төрийн томилгоо хийж суух юм бэ? Улс төр хийж болох ч Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах нь наад захын зарчим байлтай.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button