Хангайн бүсийн уралдааны зохион байгуулалтад 10-аас дээш машин оролцуулахгүй гэв

Засгийн газрын тогтоолын дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулагдах Хангайн бүсийн хурдан морины уралдааны талаар “Арвагар хээр” холбооноос мэдээлэл хийлээ.
Уралдаан энэ сарын 5, 6 –нд болох бөгөөд азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас уралдах юм. “Арвагар хээр” холбоо, аймгийн Цагдаагийн газар, Хүүхдийн төлөө төв, аймгийн Мал эмнэлгийн газар хамтран уралдааныг зохион байгуулах бөгөөд Монгол морь, эрлийз морийг ялгаж уралдуулах юм байна. Мөн уралдааны зохион байгуулалтад 10-аас дээш машин оролцохыг хориглох аж.
Өнгөрсөн амралтын өдрөөр болсон "Дүнжингарав" уралдааны үеэр машинууд олноороо морь дагасан нь олон нийтийн дунд нэлээд шүүмжлэл дагуулсан билээ.
Б.Сансар
olloo.mn