Д.Болд: Стандартын дагуу үйлчилгээнд 37 орчим микро автобус үлдэнэ

Ирэх сарын 1-нээс микро автобуснуудыг үйлчилгээнээс хасахаар болсон. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.
-Ирэх сарын 1-нээс микро автобус иргэдэд үйлчлэхгүй нь. Энэ талаар тодруулаач?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд 5012 гэсэн стандарт тавигддаг. Энэхүү стандартад нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа их, бага, дунд багтаамжийн автобуснууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12-оос дээш жил явсан тохиолдолд хасагдах ёстой гэсэн шаардлага байдаг.
Манай байгууллагад 390 орчим мирко автобус бүртгэлтэй байна. Дээрх үзүүлэлтээр аваад үзэхээр 37 орчим микро автобус үйлчилгээнд үлдэнэ гэсэн үг.
-Энэхүү стандарт нь зөвхөн микро автобусанд л тавигддаг уу. Эсвэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бусад тээврийн хэрэгсэлд хамаарах уу?
-Зөвхөн микро автобусанд энэхүү стандарт хамаардаг юм биш. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобус болон такси, автомашинуудад ч хамаатай. Гэхдээ том оврын автобус болон үйлчилгээнд явж байгаа таксинуудын хувьд микро автобус шиг хүндрэлтэй төвшинд хүрсэн асуудал одоохондоо байхгүй байна.
-Микронуудыг хасчихаар ажил нь оройтож тардаг хүмүүст хүндрэлтэй байна гэсэн гомдол гаргаад байгаа?
-Нийслэлийн тээврийн газар үйлчилгээний байгууллага. Бид иргэдэд үйлчилгээгээ доголдолгүй хүргэх ёстой.
Микро хасахгүйгээр үйл ажиллагаа явуулах ямар боломж байна гэдгийг судлаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт микро автобуснуудыг зогсоох, хугацааг сунгах хүсэлт явуулсан.
Тэндээс Стандартчилал хэмжил зүйн газарт ханд гэсэн хариу өгсөн. Харин Стандартчилал хэмжил зүйн газар сунгах боломжгүй, гэрээн дээрээ өөрчлөлт оруулаад зохицож ажиллаж болно гэсэн санал гаргасан.
Үүний үндсэн дээр манай байгууллагын удирдлагын зөвлөл хуралдаад аж ахуйн нэгжүүдтэй наймдугаар cap хүртэл
сунгаж гэрээ хийсэн. Гэтэл Зам тээврийн яам болон Мэргэжлийн хяналтын газраас хууль дүрмээ барьж ажиллах хэрэгтэй гэсэн албан бичиг ирээд байгаа.
-Микро автобусны оронд нэмэлт автобус явуулах уу?
– Энэ асуудал үнэхээр хэцүү байгаа. Нийтийн тээвэр хотод хүрэлцдэггүй. Тиймээс хасагдаж байгаа 350 гаруй микро автобусны орон зайг нөхөхийн тулд гэрээтэй аж ахуйн нэгжүүдийн нөөц бололцоог шавхаж ажиллуулахыг хичээж байгаа.
-Үйлчилгээнээс хасагдсан микро автобуснуудыг цаашид яах вэ?
-Сайн мэдэхгүй байна. Манай байгууллагатай гэрээтэй аж ахуйн нэгжүүд хууль дүрэмд нийцсэн техниктэй байж чанарын шаардлага хангасан нийтийн тээврээр үйл ажиллагаа явуулахыг шаарддаг.
-Бүртгэглтэй байгаа микронуудаас гадна хувийн микро автобусууд хулгайгаар явдаг асуудал байдаг. Үүнд хяналт тавьдаг уу?
-Нийслэлийн авто тээврийн газар 27 улсын байцаагчтай. Тэд үйлчилгээнд гардаг 77 чиглэлийн 900 орчим том оврын автобусанд өдөр бүр хяналт тавьдаг. Тиймээс маш их ачаалалтай ажилладаг. Энэ асуудалд анхаарлаа хандуулсаар хулгайн микротой тэмцэх боломж гардаггүй.
Нэмж хэлэхэд 12 жилээс доош насжилттай, нийтийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хэдээрээ нийлээд хоршоо байгуулж, манай байгууллагатай хамтарч ажиллах боломжтой. Хамгийн гол нь тавигдах стандартуудыг л бүрэн хангасан байх хэрэгтэй. Бид үйлчилгээнд явж байгаа микро автобуснуудаас янз бүрийн татвар шимтгэл авдаг асуудал байхгүй.
Ярилцсанд баярлалаа
olloo.mn