Нийтийн тээврээр үйлчлүүлсний төлбөрийн баримтаа хэзээнээс авдаг болох вэ

Манай Улсын татварын системд НӨАТ-ын урамшуулал, сугалаа нэвтэрснээс хойш иргэдийн хувьд тун таатай байгаа. Учир нь бараа үйлчилгээ авсныхаа төлөөсөнд НӨАТ-ын 2 хувиа буцаан авахаас гадна сар бүр үнэгүй сугалаанд оролцож, азаа үзэх боломжтой болсон. Иймээс иргэд ямар газраар үйлчлүүлсэн төлбөр төлж байгаа л бол бар код бүхий баримтаа нэхдэг, өгөх байгаагаас нь өгөхийг шарддаг болсон. Энэ нь нэг талаараа иргэдэд тооцоотой байх, нөгөө талдаа санхүүгийн мэдлэг олгож буй.
НӨАТ-ын хуулийн талаар товч танилцуулбал, НӨАТ-ын тухай хуулийг Монгол Улсын Их хурлаар 2015 оны долдугаар сарын нэгний өдөр НӨАТ-ын шинэчилсэн найруулга гэдгээр баталсан бөгөөд гол өөрчлөлт нь иргэдэд хоёр хувийг буцаан олгоно, мөн урамшуулал сугалаанд оруулж болно гэсэн заалт нэмэлтээр оруулж ирсэн явдал юм. Үүнтэй холбоотойгоор хуульд технологийн зарим заалтуудыг тусгасан байгаа.
Нэг үгээр татварын орлогоос иргэддээ мөнгө өгч болохыг Монгол улс анх санаачилсан. НӨАТ-ын шинэчилсэн хуульд юу гэж заасан бэ гэхээр, өмнө нь Татвар төлөгч гэж байсан бол одоо Татвар суутган төлөгч гэсэн нэр томьёог оруулж ирсэн. Суутган төлөгч гэж хэнийг хэлж байна вэ гэхээр, таны үйлчлүүлсэн дэлгүүр бүр танд бараа бүтээгдэхүүнээ худалдчихаад танаас суутган мөнгийг чинь авч, дамжуулж өгч байгааг хэлж байгаа юм. Жинхэнэ эцсийн хэрэглэгч та татвар төлөгч байдаг. Таны төлсөн татвараас танд урамшуулал болгон буцааж өгч байгаа энэ тогтолцоог л хуулиар бүрдүүлж өгсөн гэж ойлгож болно.
Тэгвэл өнөөдөр энэхүү хуулийн дагуу бол нийтийн тээврийн үчилгээ үзүүлдэг бүхий л автобусуудад мөнгө төлж сууж байгаагийн хувьд бидэнд НӨАТ-ын бар код бүхий баримт олгох ёстой. Гэвч эл хууль хэрэгжиж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчихөөд байхад иргэд мөнгөө төлж, автобусаар үйлчилүүлснийхээ төлбөрийн QR код бүхий баримтыг авч чадаагүй л байна.
Харин иргэдийн хувьд тэрхүү баримтаа авах тун сонирхолтой байна. Ингээд иргэдийн хүсэлтээр нийтийн тээврийн атобусаар үйлчлүүлсний төлбөрийн баримтыг одоог болтол яагаад өгөхгүй байгаа талаар албаны эх сурвалжуудаас лавлалаа.
Зорчигчдод QR кодтой баримт олгооч гэсэн шаардлагыг Нийслэлийн тээврийн газарт тавьчихсан байгаа
Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын НӨАТ-ын урамшууллын систем /НӨАТУС/-ийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас тодрууллаа.
Тэрбээр “Нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхэд бар код бүхий баримт өгөхгүй байна гэсэн иргэдийн гомдол санал их ирж байгаа. Иймээс манай байгууллагын зүгээс Нийслэлийн тээврийн газарт НӨАТ-ын хуулиа биелүүлж, иргэдэд баримтыг нь олгооч гэсэн мэдэгдэл, шаардлагыг хүргүүлчихсэн байгаа. Яаралтай хэрэгжүүлэхийг анхааруулсан байгаа” хэмээх хариултыг өглөө. Тэгэхээр эл асуудал Гааль, татварын газарт хамааралгүй, харин үйлчилгээ үзүүлснийхээ төлөө Нийслэлийн тээврийн газар, автобус компаниудын хамтаар шийдэх асуудал ажээ.
О.Түшиг: Судлах ажлын хэсэг гарсан
Иймээс Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс эл асуудал ямар шатандаа явааг тодруулахад, “Иргэдэд баримт олгодог болох ажлыг хэрхэн хийх вэ гэдгийг судалж байгаа. Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна” гэсэн юм.
Санхүүгийн асуудал нь хараахан шийдэгдээгүй байна
Харин Ажлын хэсгийг хариуцаж, ямар байдлаар иргэдэд чирэгдэлгүйгээр баримт олгох вэ гэдэг асуудлыг тус газрын Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билэгт хариуцан судлах ажлыг хийж байгаа юм байна. Тэрбээр “Энэ ажлыг судлах ажлын хэсэг гарсан. Төрийн үйлчилгээний байгууллага НӨАТ-ын баримт олгоно гэдэг жаахан хүндрэлтэй асуудал юм. Манайд энэ талаар Гааль татварын ерөнхий газраас мэдэгдэл ирсэн. Нийслэлийн авто тээврийн газраас ачаа, тээвэр эрхлэгч нарт хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгодог. Тэд тээврйн хэрэгслийн ангиллаасаа хамаараад өөр өөр төлбөр төлдөг. Энэхүү үйлчилгээ бас бусад үйлчилгээнүүдэд ч гэсэн баримт олгох асуудлыг судалж байгаа ба хүндрэлтэй асуудлууд их гарч ирж байна.
Нийслэлийн тээврийн үйлчилгээнд НӨАТ-ын баримт олгохын тулд программ тавихаас эхлээд түүндээ үйлчилгээгээ нарийвчлан тусгаж өгнө. Үүнд тодорхой санхүү орно. Одоогоор санхүүгийн асуудал нь шийдэгдээгүй байна. Гэхдээ удахгүй байх гэж бодож байна” хэмээх хариултыг өгсөн юм.
Г.Уянга
Olloo.mn