“Эх орончдын дуу хоолой” эрх баригчид руу чиглэв

Өнөөдөр Монгол улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр”-т зориулсан “Эх орончдын дуу хоолой” арга хэмжээ Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар ялалтын талбайд болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээнд МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчид, УИХ, Засгийн газрын гишүүд, Ногоон намын удирлага, гишүүд, иргэний хөдөлгөөн, ТББ-ын төлөөллүүд оролцож өөрсдийн дуу хоолойгоо олон нийт, эрх баригчдад хүргэхийг зорьжээ.
Арга хэмжээг нээж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар үг хэлэв. Тэрээр “Бид Эх орончдын өдрийг хуульд заасны дагуу ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. МАХН-аас ууган улс төрийн хүчний хувьд Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын баяр" гуравдугаар сарын 1-нийг МАН-тай хамтран тэмдэглэх санаачилгыг гаргаж, энэ дагуу МАН саналыг хүлээн авч, МАХН-ын санаачилга дор нэгдэн энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурлаа хийлээ. Харин өнөөдөр бид баярлах гэж биш, эрхээ хамгаалах гэж, хуулиа хамгаалах гэж, бидний эсрэг хийгдэж буй шударга бус үйлдлийн эсрэг тэмцэх гэж цуглаад байна. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг эдэлдэг.
Гэвч харамсалтай нь МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тус намын гишүүдийг улс төрийн хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл дор байлгаж байгаа цаг дор хуран цуглаад байна. Саяхан МАХН-“ын удирдлагуудыг хоироглон баривчлах, үйл ажиллагааг нь саатуулах арга хэмжээг улстөрчид хууль шүүхийн байгууллагыг бороохой болгон ашиглах замаар явуулж байгаа нь та бидэнд илэрхий харагдаж байна. Тиймээс та бид дуугарахгүй бол, эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол биднийг хэн ч хамгаалахгүй. Тийм ч учраас цаашид монголын ард түмэн бусдын хяналт, хавчилга дор амьдарч болохгүй. Үүний эсрэг МАХН тууштай шийдэмгий арга хэмжээ авч тэмцэх ёстой. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуульд иргэдийг эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө намын гишүүнийх нь хувьд мөшгин мөрдөх, гутаан доромжлох, дарамтлахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр хууль шүүхийн байгууллага хууль, шүүхийн байгууллага шударга ёсыг тогтоох нэрээр, авлигатай тэмцэх нэрээр МАХН, түүний удирдлагатай тэмцэх ажлыг явуулж байна. Бид үүний эсрэг тэмцэх ёстой. Эрх баригчид биднийг сонгуульд оролцуулахгүйн төлөө бүхнийг хийж байна. Үүний эсрэг бид Сонгуулийн хувьсгал хийх ёстой. Хийхийн тулд эвтэй, хүчтэй байх ёстой шүү” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Арга хэмжээнд оролцсон иргэдийн зүгээс Авлигатай тэмцэг газар Энхбаяртай тэмцэх газар болтлоо явцуурч нэг хүн, нэг улс төрийн хүчин рүү чиглэж байгаа нь улс төрөөс 100 хувь хараат байгууллага болсныг нотолж байна гэдгийг хэлж байв. Хэрэв тийм биш бол бүх улс төрийн намын санхүүжилтыг ил тод болгож, олон нийтэд зарлах нь зүйтэй гэв.
Тус арга хэмжээнд Эрс шинэчлэл хөдөлгөөн, Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе, Бүтээлч иргэдийн нэгдсэн холбоо, Байгаль хамгаалах хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож дуу хоолойгоо илэрхийлэв. Тухайлбал, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат “Монголчууд та бид идэвхтэй байх цаг болсон байна. Идэвхгүй байгаа учраас эрх баригчид өнөөдөр даварч байна. Өнөөдөр үзэл бодолгүй, үнэт зүйлгүй, үгсэн хуйвалдсан улс төрөөс салах цаг болсон. Харин үнэт зүйл, үзэл баримтлалаа тодорхой болгож, шударга ёс, эв нэгдлийг оройдоо залсан улс төрийн хүчин хүмүүсийг дэмжих ёстой.Монголд монгол хүний сайн сайхан аж амьдралыг бий болгож, улмаар түүнийг хамгаалахын төлөөх социал демократ үзэл баримтлалыг дэлгэрүүлж, хөрсөнд нь буулгаж, хүнд нь хүргэх цаг болжээ. Үүн дээр нэмээд монгол хүн нэг дугаарт гэдгийг тунхаглан зарладаг Үндэсний үзэл хэрэгтэй. Ийм үзлээр ассан, ийм үзлээр буцалсан хүмүүс л энэ улс орныг олигархуудаас салгаж, хөгжүүлж чадна” хэмээн ярьлаа.
“Эх орончдын дуу хоолой” арга хэмжээнд оролцогчид өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын олон нийтэд танилцуулсан 10+60+30=100 буюу арван жилийн дотор 60 тэрбум доллараар Монгол Улсыг дэлхийд хөгжлөөрөө эхний 30-д оруулах Хөгжлийн хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэхийг хүсч байлаа.