Шуурганаар алга болсон 53 хүнийг эсэн мэнд олж, үлдсэнийг хайж байна

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар их цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд хаагдах нөхцөл байдал үүссэн тул энэ сарын 3-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал сайжиртал тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлаад байна.
Одоогийн байдлаар долоон аймгийн 20 суманд, тодруулбал,Архангай аймгийн Хашаат, Баян-Өлгий аймгийн Буянт, Бугат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Нөмрөг, Отгон, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Улиастай, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Өмнөговь аймгийн Сэврэй, Увс аймгийн Давст их цас орж, цасан шуургатай байна.
Их цас, цасан шуурганы үеэр 83 иргэн сураггүй болжээ. Тэдний 14 малчин малтайгаа шуурганд уруудсан байна. 53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авснаар нийт 10 толгой мал хорогдсон.
Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагаас 24 албан хаагч, 4 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 155 хүн, 28автомашин, нийт 179 хүн, 32 автомашинтай ажиллажээ.
Olloo.mn