Г.Мандахнаран 5 дахь, Д.Хүдэрбулга 3 дахь удаа түрүүлэв

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт хоёр лахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарч өрсөлдлөө.

Тав дахь удаагаа болж байгаа энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Ц.Энхжаргал, ДАШТ-ний медальт Б.Номин, Д.Отгонцэцэг, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Даваачимэг, азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, З.Занабазар, Н.Лхамгармаа, Б.Нямгэрэл, Ш.Түмэнцэцэг, Ж.Чулуунбат, Б.Шоовдор нар гээд манай зуу гаруй бөхчүүд зодоглож байна.

Эхний өдрийн барилдаанд 7 жинд нь монголын, 1 жинд нь казахстаны бөхчүүд алтан медаль хүртлээ.

Эрэгтэй 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Б.Номин нарын барилдаан чөлөөт бөхийн урлагийг харуулж Б.Номин өрсөлдөгчөө мушгиж бүхэл 4 оноо авсан ч дараа нь шуналтаж сугадаж дайраад хариу мэхэнд орж цэвэр ялагдлаа. Ийнхүү Гавьяат тамирчин Г.Мандахнаран 5 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга 3 дахь удаа, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг нар 2 дахь удаа, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, олон улсын хэмжээний мастер Б.Нямгэрэл, Ш.Түмэнцэцэг нар анх удаа түрүүлэв.

48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал алтан медалийн төлөө олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөнтэй барилдахдаа туршлага зааж өрсөлдөгчдөө оноо авах ямар ч боломж олгосонгүй ялав. 69 кг-ын жинд хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нар өрсөлдөж Ш.Түмэнцэцэг нь 5:2 онооны харьцаагаар ялж сүүлийн 3 тэмцээнд дараалан яллаа. Тэмцээний эрэгтэй 57 кг-ын жинд хурц ширүүн барилдаан болно гэж үзэгчид хүлээж байсан ч олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар бэртлийн улмаас барилдсангүй, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр түрүүлсэн. Энэ жилийн улсын аварга олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа мөнгө, С.Батболд хүрэл медаль авч олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, Г.Отгонжаргал нар медальд хүрсэнгүй.

Улсын шүүгч Г.Амархүү өнгөрсөн жил Казахстан улсын Астана хотод болсон тус улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнд шалгалт өгч тэнцсэн учир түүнд олгосон олон улсын шүүгчийн үнэмлэхийг түүнд МЧБХ-ны Шүүгчдийн зөвөллийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр гардуулж баяр хүргэлээ. Манай отгон олон улсын шүүгч маань 1985 онд төрсөн, олон улсын хэмжээний мастер хийгээд 2014 онд улсын шүүгч болж байжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, эрэгтэй 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Энэ тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын зэрэг гадаадын 6 орны нийт 96 гадаадын бөх бөх хүрэлцэн ирж барилдаж байна. Тэдний дотор якутын бөх, дэлхийн хошой аварга Виктор Лебедев, якутын бөх, Дэлхийн цомын тэмцээний аварга Владимир Флегонтов, дэлхийн залуучуудын аварга Александр Рассадин, буриадын бөх, Залуучуудын олимпийн наадмын аварга Алдар Балжиннимаев, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын 3 удаагийн аварга Марина Александровна Вильмова, казахстаны бөх, Азийн наадмын мөнгө, азийн аварга, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Расул Калиев, азийн залуучуудын аварга Булат Сакаев нар байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button