Л.Гансүхийн ялыг 3.6 жил болгон буурууллаа

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, шамшигдуулсан гэх хэргээр Л.Гансүх, "Эж Жи Эл Эс Би Ди" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын Дээд Шүүхэд өчигдөр болж эцсийн шийдвэрээ гаргалаа.
Шүүгчид Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргалаа. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав.
Мөн шүүгдэгч нарт ногдуулсан 2.5 тэрбум төгрөгийн хохирлыг 1.1 тэрбум төгрөг болгон бууруулж, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хувь тэнцүүлэн "Багануур" ХК-д төлүүлэх шийдвэрийг гаргасан юм.Үдээс өмнө хуралдсан шүүх хурал таван цаг орчим завсарласны дараа ийнхүү шийдвэрээ гаргасан билээ.
Дашрамд дуулгахад, шүүгдэгч Л.Гансүх шүүх хуралд оролцоогүй. Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар ирж шүүх хуралд биечлэн оролцсон юм.
Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өчигдөр гаргасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.