Тинтин уйлж байна

Бельгийн алдарт зохиолч Эржегийн “Тинтиний адал явдал” цуврал зохиолыг мэдэхгүй хүн цөөн. Тэгвэл сошиал сүлжээний сайтуудад тус гол дүрийн баатар хүүгийн Бельгийн төрийн далбааг нөмөрч уйлж буй шог зураг тарж эхлэв. Францын нийслэл Парис хотноо болсон цус асгаруулсан террорист халдлагаас дөрвөн сарын дараа Бельгийн нийслэлд болсон халдлагаас хойш уг зураг интернэт сүлжээнд цацагдсан  хэрэг. Уйлж буй Тинтиний хажууд Францын далбааг нөмөрсөн хүнийг мөн дүрсэлсэн байв. Энэ зургийг Францын “Лe Монде” сонингийн шог зураач Планту зуржээ.

 

Тэрбээр зурагныхаа дор Брюссельд халдлага болсон өдөр болох гуравдугаар сарын 22 болон 130 хүний амийг авч одсон Парист болсон халдлагын огноо болох арваннэгдүгээр сарын 13 гэсэн тоог бичсэн байсан аж.

 

Бреюссель болон Парист болсон террорист халдлагыг хоёуланг нь хэт даврагч “Лалын улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээсэн юм. Планту зураач террорист халдлагаар хохирсон хэдэн зуун Бельги болон Францын ард түмнийг энэхүү зургаараа илэрхийлжээ.

 

Энэ сарын 22-ны өдөр Бельгийн нийслэл Брюссел хотын нисэх онгоцны буудал болон метроны буудалд дараалсан дэлбэрэлт болж, 30 гаруй хүн нас барж, 200 гаруй хун гэмтэж бэртсэн билээ. Парист болсон террорист халдлагад сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан Салах Абдеслам Брюсселиэс баривчлагдсанаас хойш дөрвөн өдрийн дараа энэ удаагийн хэрэг болсон юм. Хэт даврагчид хүмүүс олноороо цугларсан нисэх онгоцны буудал болон метроны буудлыг онилж, бөмбөг дэлбэлсэн бөгөөд энэ өдрүүдэд бельгичүүд гашуудан уйлж байна. Тус улсад гурван өдрийн гашуудал зарлаж, дэлхийн хотуудын томоохон барилгууд эмгэнэл илэрхийлэн Бельгийн төрийн далбааны өнгөөр гэрэлтэж байгаа юм.

 

Үүнээс гадна Европын зүрх болсон Бельгид террорист халдлага болсноор бусад оронд ч гэсэн болохгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг харууллаа. Тиймээс АНУ болоод Бельгийн хууль хүчний байгууллага ч ойрын үед Европт дахин олныг чиглэсэн халдлага дайралт болж магадгүй хэмээн сэрэмжлүүлж буй. АНУ-ын Төрийн департмент иргэдээ Европруу зорчих нь эрсдэлтэй гэж анхааруулахдаа Европын спортын томоохон тэмцээн уралдаан, жуулчид олноор очдог эсвэл хүний хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газар ойрын хугацаанд халдлага хийхээр террорист бүлэглэлүүд төлөвлөж байгаа гэдгийг дурьджээ.

 

 Амиа золиослогчид ах дүүс байжээ

Брюссельд болсон халдлагыг үйлдсэн этгээдүүд ах дүүс байсан тухай RTBF агентлаг мэдээллээ. Энэ удаагийн хэрэгт гурван xүн оролцсон гэдгийг нисэх буудлын хяналтын камерын бичлэгээр цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байдаг. Ачааны сагсанд хар цүнх хийж, түрж яваа гурван сэжигтэн хяналтын камерт бичигдсэн байх бөгөөд тэдний хоёрынх нь авч явсан бөмбөг дэлбэрч 30 гаруй хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон юм. Харин гурав дахь сэжигтний тэсрэх бөмбөг дэлбэрээгүй байсныг албаныхан олж аюулгүй болгосон байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр гурав дахь хэрэгтнийг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа юм.

Мөн өөрийгөө дэлбэлсэн хоёр этгээд ахдүүс болохыг тогтоожээ.Тэд Парист болсон халдлагад сэжиглэгдсэн Салах Абдесламтай холбоотой байсан гэсэн мэдээлэл ч байна. Тэдний нэрийг Халид эл Бакраоуй, Ибрахим эл Бакраоуй гэдэг аж. Халид эл Бакраоуй нь өнгөрсөн долоо хоногт Брюссельд орон сууц хуурамч нэрээр хөлслөн амьдарч эхэлсэн байна. Цагдаагийн алба хаагчид түүний гэрт нэгжлэг хийх үед гэрээс нь Салах Абдесламын хурууны хээ илэрчээ.

 

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button