МАХН-ыг тойрсон асуудлуудын цаана юу байна вэ

“Монголчууд эвтэй байхдаа хүчтэй”. Энэ үгийг манай улс төрийнхөн маш их хэрэглэдэг ч биелүүлэх нь ховор.

МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-т байн байн дуудагдаж, доод албан тушаалтнууд нь АТГ-д хоригдож, зарим нь түүнийг АТГ-д шалгуулахаар өгч, нөгөө нэг нь УИХ-ын МАХН-МҮАН-ын Шударга ёс эвлээсээ гарч буйгаа мэдэгдчихээд байгаа энэ үед ёстой л “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үгийн утгыг нэг удаа сануулмаар.

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд МАХН-ынхан тайван ч сууж бэлтгэлээ базааж чадахгүй байгаа нь туйлын үнэн. Гэтэл дээрээс нь тус намыг тойрсон, тэр тусмаа дарга Н.Энхбаярыг тойрсон асуудлууд ар араасаа цувран гарч ирсээр байна.   

УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог МАХН, МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч буйгаа  мэдэгдчихлээ. Ингэснээр тэрбээр өөрийн давхар хашиж буй УИХ-ын дэд дарга гэх албан тушаалыг сайн дураараа хүлээлгэн өгч байгаа хэрэг болов. Мэдээж, тэрбээр үүнийгээ тооцоолоогүй бус тооцоолсон байх учиртай. Намынхаа дотоод асуудлыг хурцатгахаас гадна Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ганхуулах үйл ажиллагаанд гар бие оролцож байхыг ч үгүйсгэхгүй гэсэн хардлага ч улс төрийн хүрээнийхэнд байна. Л.Цогийн хувьд түүний МАХН дахь карьер дуусч байж болох ч Ардчилсан намд үйлчлэх нь харин эхэлж байх магадлалтай гэх.

Түүний тухайд намынхан нь дүгнэхдээ “Л.Цог намын бүлэгтэйгээ эв нэгдэлтэй ажилласан бол зохих үр дүн гарах байсан. Засгийн газрыг огцруулах замаар биш ойлголцол итгэлцлийн замаар мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломж бүрдэх байсан. Манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хангалттай суудалтай байсан уу гэдгийг ч бодох учиртай. Намын эрх ашгийн үүднээс УИХ-ын дэд даргыг МҮАН-ын талд шилжүүлэх саналыг бүх талаар эсэргүүцэн өмчилж байсан хүн бол Л.Цог. Одоо эвслээс гарсан учир УИХ-ын дэд даргын албан тушаал Шударга ёс эвсэлд хадгалагдан үлдэх болно” хэмээн мэдэгдэл хийсэн.

Тэгэхээр өөрийг нь Улс төрд оруулах гэж өргөж тэтгэж, УИХ-ын дэд даргад дөрвөн жил суулгаж, гишүүн болгосон нам руугаа эцэст нь “нулимна” гэдэг бол улс төрчийн хувьд ч, эр хүний хувьд ч зохисгүй зан.

Үүний нэгэн адилаар С.Дашдондогийн хувьд ч гэсэн адил. Энэ эрхэм бол бас л МАХН-ын хаяанд орж,  2012 оны сонгуульд Булган аймгаас нэр дэвшсэн ч гарч чадаагүй. Гэсэн ч намаас нь түүнд Худалдан авах ажиллагааны гарын даргын албыг хаших боломжийг олгосон. Гэтэл түүний нас 65 хүрсэн тул энэ албан тушаалд нас нь тохирохгүй хэмээн буулгаж Дэд дарга болгосон аж. Үүнд гоморхсон тэрбээр одоо сонгуульд зарцуулсан мөнгөө намын даргаасаа нэхэн суугаа юм. Нэг үгээр, намаасаа С.Дашдондог 540 сая төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл тэрбээр энэ мөнгийнхөө 400 сая төгрөгийг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа зарцуулсан гэж Булган аймгийн намын хурал дээр олонтаа хэлж байсныг өдгөө намын гишүүд нь гэрчилж байна.

Ийнхүү МАХН-ын дотоод асуудал эргээсээ хальж, үүнийг нам доторх гишүүд нь өөрсдөө олны анхаарлыг татах зорилгоор гаргаж ирж байгаа нь  сонгууль дөхсөн энэ үед намынх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйг тэд ойлгож баймаар. Гэхдээ мэдсээр байж намаа доош хийж, намын даргаа АТГ-д өгөх болсон дээрх эрхмүүдэд яав ч нэг учир байж л таараа.

Үүнээс гадна ЭМС-ын сайдаар ажиллаж байгаад авлига авсан хэргээр АТГ-д шалгагдах болсон Г.Шийлэгдамба ч мэдүүлгээсээ буцаж, асуудлын хариу бүрхэг болсон. Мөн үүнтэй холбоотойгоор Санхүү аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулчихсан байна.

Тэгвэл энэ байдлыг намынхан нь дүгнэхдээ “Шийлэгдамбыг анхны мэдүүлгээс буцаж Н.Энхбаярын шаардлагаар мөнгө зээлсэн, зарим хэсгийг Н.Энхбаярт өгсөн гэж хэлүүлсний шан болгон сайдын суудлыг хадгалаад байна уу гэсэн хардлага буйгаа илэрхийлж байна. Тус намаас Эрүүл мэндийн туршлагатай удирдагч, эрдэмтэн, доктор, бөөрний нэртэй мэс засалч гавъяат эмч Л.Жамбалжавыг сайдад хуулийн хугацаанд нэр дэвшүүлсэн ч  Ерөнхий сайд учир битүүлгээр татгалзсан. Засгийн газрын хуульд засгийн газрын гишүүнийг 30 хоногийн дотор томилдог хуультай аж. Гэтэл эл хуулиа зөрчин ЭМС-ын сайдыг томилохгүй байгаа зэргээс харахад дээрх хардлага таамаг дэвшүүлэхээс аргагүй ч юм шиг.

Юутай ч эдгээр хүмүүсийг намынхан нь “Н.Энхбаярыг МАХН-ыг авилга авсан юм шиг нийгэмд харагдуулах, ингэснээрээ УИХ-ын сонгуульд нэр хүндийг унагах улмаар УИХ-ын сонгуульд оруулахгүй байх гэсэн олигарх бүлэглэлийн гар хөл болж тэдний дэглэсэн утсан хүүхэлдэйн дүрд, салбадайн үүрэг гүйцэтгэж байна хэмээн үзэж буй.

Иймд эдгээр хүмүүс гаргасан алдаагаа хүлээж намын хамт олноосоо уучлал гуйхыг албан ёсоор шаардаж, хэрвээ уучлал эс хүсвэл намын дүрмийн дагуу төрийн болон улс төрийн албан тушаал хаших, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болохыг мэдэгдээд байна.

Ийнхүү МАХН-ын дотоод асуудал хурцадсаар байна. Харин энэ бүх асуудлыг эхлүүлсэн хүмүүсийн учиг хаана очиж тайлагдах вэ гэдэг л сонин байна. Магадгүй энэ бүхний хариулт сонгуулийн сурталчилгаа эхлэх тэр үеэс л тодорхой болох болов уу.

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button